Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
“Хүүхэд хулгайлагдлаа”, “хүүхэд согтуу жолоочид дайруулж эндлээ”, “хүүхэд хойд аавдаа, хойд ээждээ зодуулж нас барлаа” гэх мэт нийгмийг цочроосон мэдээллүүд гарах бүрийд олон нийт цаазын ял сэргээхийг шаардаж, бухимдлаа илэрхийлдэг. Тэгвэл бид хуульчаас цаазын ялыг сэргээх боломжтой эсэх талаар болон, нийгэм, улс оронд хэрхэн нөлөөлөх талаар хуульч С.Номынбаясгалантай ярилцсан юм.Тэрээр дараах зүйлсийг хэлж байна.
- Манай улс 1990-ээд оны өмнө цаазаар авах хуулийг халаад хэсэг цаг хугацааны дараа эргээд сэргээсэн байдаг. Цаазаар авах ялыг халах нь гэмт хэргийн гаралтад шууд утгаар нөлөөлнө гэж харж болохгүй.
- 1992 онд АИХ-ын депутатууд үндсэн хуулийг батлахдаа нийгэм хувьсаж өөрчлөгддөг гэдгийг маш сайн бодолцсон. Цаазаар авах ялыг гүйцэтгэсэн тохиолдолд тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл хилсээр гүтгэгдэж цаазаар авах тохиолдлууд гарна гэсэн үг. Нэгэнт цаазаар авах ялыг гүйцэлдүүлсэн бол цаазлуулсан хүнийг босож ирэхгүй шүү дээ. Хилсээр цаазлуусан тохиолдол олон бий. Тоо хэлж баримжаалах боломжгүй. Хуульчдын дунд, нэг хүн долоон удаа цаазаар авхуулах ял сонсож байсан, эцсийн дүндээ цагаатсан түүх их “алдартай”. Зөвхөн нэг жишээ шүү дээ. Нэг хүн долоон удаа цаазаар авхуулах ял сонсоно гэдэг сэтгэл зүйн хувьд ямар байх билээ.
- Цаазын хууль бол хэргийг шийдэх эцсийн арга биш. Хоёрдугаарт манайхны 50 хувь орчим нь буддын шашинтай. Амьтны, тэр дундаа хүний амийг таслах нь тийм тааламжтай зүйл биш юм.
- Зөв шийдэл нь юу байж болох вэ гэхээр, тухайн гэмт хэргээс урдчилан сэргийлэх криминологийн судалгаа шинжилгээгээ сайн хийж, түүн дээрээ үндэслэн зохицуулалтууд гаргах нь үр дүн авчрах байх. Түүнээс биш нийгэм хэт сэтгэл хөдлөлөөр хандаж цаазын ялыг сэргээ гэж дэвхцэх нь өрөөсгөл ойлголт. Нөгөөтээгүүр олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд бага насны хүүхэд хохирогч болсон тухай мэдээллийг нийгэмд түгээх нь сэдлийг төрүүлж байдаг гэдгийг дуулгамаар байна.
- Монгол Улс дангаараа цаазын ялын тухай Иргэний болон улс төрийн тухай олон улсын фактын II нэмэлт протоколоос гарах, цуцлах, хүчингүй болгох, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээсээ татгалзах, зогсоох хууль зүйн боломжгүй.
- Манай улс Үндсэн хуульдаа цаазаар авах ялыг хууль тогтоомжоор зохицуулж болно гэсэн заалттай. Мөн олон улсын гэрээ болон дотоодын хууль хоорондоо зөрчилдсөн тохиолдолд олон улсын гэрээг баримтална гэсэн Үндсэн хуулийн зохицуулалтай. Тэр утгаараа олон улсын гэрээ үндэсний хууль тогтоомжоос давж үйлчлэх ёстой.
- Цаазаар авах ялыг сэргээх нь Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээсээ няцсан, хүний эрхийг хамгаалах чиглэлээр гаргасан дэвшлээс ухарсан алхам болох бөгөөд олон улс дахь нэр хүндэд муугаар нөлөөлж, Монгол Улсын дотоод болон гадаад бодлого тогтворгүй гэх ойлголтыг баталгаажуулж, НҮБ болон Европын холбоо зэрэг байгууллагаас манай улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд хориг арга хэмжээ авах сөрөг үр дагавартай.
- Монгол Улс хүний эрхийн зөвлөлийн гишүүний 2016-2018 оны сонгуульд амжилттай оролцсон. 2015 оны 12 дугаар сард болсон сонгуульд НҮБ-ын гишүүн 174 орон Монгол Улсын төлөө саналаа өгч, энэ нэр хүндтэй хариуцлагыг хүлээж авсан. Монгол Улс-НҮБ-Олон улсын байгууллагын хүрээнд сонгуульт үүрэг гүйцэтгэх бодлого чиглэлд сөргөөр нөлөөлж, энэ байгууллагуудаас анхааруулах шахалт ихээр ирж, хүний эрхийн гэрээний хэрэгжилтэд манай улсын үнэлгээ буурна.
- Эрүүгийн хуулийн 5.1-д эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж ялын зорилгыг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл ялын үндсэн зорилго бол урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх, хүмүүжүүлэх юм. Харин цаазлах бол энэ ялын зорилгыг хангаж чадахгүй байна.