Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Киевтэй хамтран зэвсгийн үйлдвэрлэл хөгжүүлэх хүсэлтэй компаниудад тусгай нөхцөл санал болгоход бэлэн байна гэж мэдэгдлээ. Тэрбээр АНУ, Их Британи, Герман, Франц, Турк, Швед, Чех зэрэг олон орны батлан хамгаалахын компаниудын төлөөлөлтэй уулзах үеэрээ энэ талаар дэлгэрэнгүй хэлсэн байна. "Энэ нь харилцан ашигтай хамтын ажиллагаа байх болно. Яг одоо цэрэг зэвсгийн томоохон төв байгуулахад хамгийн тохиромжтой цаг юм. Бид үүнийг хийх ёстой. Энэ нь зөвхөн Украинд төдийгүй Европ болон манай хөрш орнуудад хамаатай бас ашигтай" гэж Зеленский тодотгожээ.
Украины хувьд шинэ хүчин чадалтай алсын тусгалын пуужин, их буу үйлдвэрлэх сонирхолтой байгаа. Цаашилбал, дэвшилтэт технологи, цэргийн тактикийн хослол нь Украиныг Оросын эсрэг дайнд ялахад тусална гэж Зеленский үзэж байгаа аж. Тийм ч учраас орчин үеийн технологийг ашиглан батлан хамгаалахын үйлдвэрлэлээ хөгжүүлж, тэр дундаа сум, пуужин, нисгэгчгүй онгоц үйлдвэрлэхийн тулд салбарын тэргүүлэгч нартай хамтран ажиллахыг Украин зорьж байгаа юм.
Түүнчлэн ОХУ-д цохилт өгөхийн тулд барууны орнуудын зэвсгийг ашиглахгүй, өөрсдөө зэвсгээ хөгжүүлэхийг Украин тэргүүнд тавьж буй. Украин удахгүй дайны хоёр дахь өвлийг үзэх гэж байна. Украины арми өдгөө Оросын эсрэг фронтын дагуу 1000 км тулалдаж байгаа. Гэвч цаг агаар хүйтрэх тусам Украины сөрөг довтолгоонд саатал үүсэх өндөр эрдэлтэй байгаа ба эсрэгээрээ ОХУ ноднингийн адилаар Украины эрчим хүчний дэд бүтцийг онилж болзошгүй байна. Үүгээр зогсохгүй, ОХУ ирэх жилийн батлан хамгаалахын зардлаа энэ жилийнхээс 70 хувиар өсгөөд байна.
Эх сурвалж: CNN