Улсын хэмжээнд 736 төсөл арга хэмжээ төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй талаар Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.
Тэрээр ярихдаа, "Төсвийн хөрөнгөөр барьж, олон жил үргэлжилсэн барилгуудын 60-70 хувь нь захиалагч буюу төрийн буруугаас болсон гэх судалгаа гарч байна. ТЭЗҮ дутуу, барилгын зураг төсөл хэд хэд өөрчлөгдсөн гэх мэт шалтгаан их байна. Тиймээс үүнээс хойш ТЭЗҮ нь батлагдаагүй барилгыг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхгүй.
736 төсөл арга хэмжээ төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байна. Үүнээс 8-аас дээш жил болсон 25 төсөл хөтөлбөр байна. Одоогоор 46 компани хар жагсаалтад бүртгэгдсэн. Мөн 107 компанийг хар жагсаалтад оруулах санал ирсэн. Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуульд хар жагсаалтад гурван жил байлгана. Тэр хооронд алдаагаа засаж залруулах боломжтой юм" гэлээ.