Хятадын хамгийн алдартай инфлүэнсрүүдийн нэг өөрийг нь хэт үнэтэй нүүр будаг сурталчиллаа гэсэн дагагчдаа шүүмжиллээ. Бараа бүтээгдэхүүний сурталчилгааг шуул дамжуулдаг Ли Жиаки 79 юанийн хөмсөгний харандаа авч чадахгүй гэсэн залуусыг "хангалттай шаргуу" ажиллаагүй гэж хэлсэн нь Хятадын залуучуудын бухимдлыг төрүүлжээ.
Өдгөө 31 настай инфлүэсэр залуу уучлалт гуйсан ч түүний хэлсэн үг Хятадын цахим сүлжээнд томоохон хэлэлцүүлэг, маргаан өрнөхөд хүргэж байна. Тухайлбал “Хүмүүсийг өдөөн хатгасан зүйл бол 79 юанийн үнэ биш, харин бидний талаарх таны хандлага, үзэл бодол байсан" гэж нэгэн хэрэглэгч Вэйбо платформд сэтгэгдлээ бичсэн нь хэдэн мянган лайк авчээ. Мөн залуус "Та өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдэхгүй байна. Олон хүмүүс ажлын байраа хадгалахын тулд шаргуу ажиллаж, тэмцсээр байна" гэж сэтгэгдлээ илэрхийлсээр байгаа аж.
2017 онд Taobao худалдааны платформ дээр онлайн борлуулалт хийж эхэлснээр алдар нэрд анх хүрсэн инфлүэсэр Ли Жиаки нь Хятадын хамгийн амжилттай цахим борлуулагчдын нэг юм. Тэрбээр хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн, гэр ахуйн хэрэгсэл зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн худалдаалдаг бөгөөд орой бүр олон сая долларын үнэтэй бараа зардаг гэсэн мэдээлэл байдаг. Ли Жиаки нэг удаа таван минутын дотор 150,000 ширхэг уруулын будаг зарснаар “Уруулын будагны хаан” хэмээх хочийг ч авч байсан удаатай. Хэдэн жилийн дотор л тэрбээр олон платформ дээр 150 сая орчим дагагчтай болсон бөгөөд дээрх хэлсэн үгнээс нь болж энэ тоо буурчээ.
Өнгөрсөн зургаан сар Хятадын эдийн засагт томоохон асуудал үүссэн нь залуучуудын ажилгүйдлийн түвшин юм. Тодруулбал, залуучуудын ажилгүйдэл түүхэн дээд хэмжээндээ хүрч, энэ оны долдугаар сарын байдлаар 16-24 насны таван хүн тутмын нэг нь ажилгүй байгаа гэх тооцоо гарсан билээ.
SOURCE: BBC