Алдарт “Загалмайлсан эцэг” киноны найруулагч Францис Форд Копполагийн охин Софиа Коппола тус цувралын гурав дахь кинонд дүр бүтээснээр үзэгчдээс “муу жүжигчин” гэх үнэлгээг авч байсан. Гэхдээ тэр эцгийнхээ адил чамгүй найруулагч гэдгээ хэд хэдэн бүтээлээр үзэгчдэд харуулж чадсан юм.
Тодруулбал, түүний найруулсан “Lost in Translation”, “Marie Antoinette” зэрэг бүтээлүүдийг үзэгчид андахгүй. Тэгвэл энэ удаа найруулагч бүсгүй рокнроллын хаан Элвис Преслигийн эхнэр Приссила Преслигийн тухай намтар бүтээлийг найруулжээ. “Приссила” хэмээн түүний шинэ бүтээл аравдугаар сарын 27-нд АНУ-д нээлтээ хийх юм. Жилийн өмнө найруулагч Баз Лурман “Элвис” гэх бүтээлээ танилцуулж, Оскарын хэд хэдэн шагналд нэр дэвшиж байсан. Тэгвэл энэ удаа эхнэрийнх нь өнцгөөс тэдний амьдралыг үзэгчид дахин нэг удаа харах боломжтой болж байна. Шинэ киног Приссила Преслигийн 1985 онд бичиж байсан “Элвис бид хоёр” гэсэн дурсамж номноос санаа аван бүтээжээ.
Софиа Коппола нь баян чинээлэг, алдар нэртэй хүмүүсийн уй гашуу, ганцаардлыг дүрслэхдээ гаргууд нэгэн. Энэ удаад ч алдарт хосуудын амьдралын гунигт хэсгийг “үзэсгэлэнтэйгээр” дэлгэцнээ буулгана гэдэгт кино сонирхогчид хүлээлт дүүрэн байна. Кинонд 14 настай Приссила Герман дахь АНУ-ын цэргийн баазад 24-тэй Элвистэй учирч байгаа, тэд хэрхэн бие биедээ хань болсон, мөн мансууруулах бодис, найр наадам, алдар хүнд дүүрэн амьдралд хэрхэн нэрт дуучны эхнэр, хүүхдийнхээ ээж байсан тухай нь өгүүлэх аж. Кино шүүмжлэгчид тус бүтээлийг Венецийн кино наадамд үзсэн ба ам сайтай байгаа юм.
SOURCE: BBC