Өнгөрсөн 7 хоногт Пап Францисын айлчлалын хажуугаар нүүрсний хулгайн гэх хэрэг нийгмийн анхаарлын төвд байлаа. Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 8-р сарын 30-ны өдөр эхэлсэн ч 9 сарын 12-ны өдрийг хүртэл хойшиллоо. Учир нь шүүгдэгчдийн өмгөөлөгч өөр шүүх хурал давхацсан, өөрийн биеэр шүүх хуралд оролцох хүсэлт гаргасан тул Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргасан юм.
Нүүрсний гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нэр бүхий 11 хүнд УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нар багтаж байна. Б.Ганхуягийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан этгээд нь ажиллах хугацаандаа бусдаас их хэмжээний хахууль авсан, хахуулийн мөнгөөрөө барилга бариулж мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” хэргээр шалгаж байна. Харин Т.Аюурсайхан нарыг “Улс төрд нөлөө бүхий этгээд нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан” хэргээр шалгаж байна.
Нүүрсний хулгайн асуудал өнгөрсөн өвөл хүчээ авч, УИХ-ыг тараах хүртэл асуудал яригдаж байсан. АТГ-аас нүүрсний хулгайн хэргээр холбогдуулан шалгаж байгаа 17 хүний нэрийг хүртэл зарлаж байлаа. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгаас авхуулаад урт жагсаалт хөвөрсөн. Гэтэл 9 сарын хугацаа өнгөрөхөд нүүрсний гэх хэрэгт хэн ч хариуцлага хүлээгээгүй л байна. Тиймээс Т.Аюурсайхан нарын шүүх хурал хүлээлттэй ихтэй, шүүх шударгаар шийдвэр гаргаж чадах уу гэдэгт олон нийт чих тавьж байна.
Нүүрсний хулгайн асуудлаар УИХ ирэх өдрүүдэд нийтийн сонсгол зохион байгуулахаар бэлтгэж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаснаар удаан хугацаанд хүлээгдсэн асуудал биеллээ олох гэж байна. Тухайн үед ажил хариуцаж байсан, хэрэгт татагдан шалгагдаж байгаа хэргийн оролцогчдыг нийтийн сонсголд гэрчээр дуудан ирүүлж, асуудлыг нээлттэй яриулж, олон нийтэд хардлага, сэрдлэгтэй байгаа мэдээллүүдийг ил тод болгох ёстой гэж үзэж байгаа юм. Сонсголыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална. Товчхондоо, хэзээ, хэний, ямар, буруутай шийдвэрийн улмаас, хаана алдаа завхрал гарч, хулгай нүүрлэв гэдгийг олон нийт ил тодоор мэдэх ёстой гэж харж байгаа юм. Яг л Хөгжлийн банкны зээлдэгчдийг Төрийн ордонд дуудаж ирүүлээд, телевизээр шууд дамжуулсантай нэгэн адил нээлттэй сонсгол нүүрсний хэрэг дээр хамгийн их хэрэгтэй байгаа юм. Ингэж байж олон нийт давс хужрыг нь ялгаж, олон нийт илүү бодитой мэдээллээр хангаах, хэнийг ч хэлмэгдүүлэхгүй, буруутанг үнэн зөвөөр олоход дөхөм болно, ойлголтын зөрүү арилна гэж харж байна.
Тэрбум, их наядаар яригдах хулгай, авлигын асуудал байгаа ч гэлээ шүүх дээр очоод гацдаг. Монголд шүүх засаглал нь ажиллахаа байчихсан гэдгийг Ерөнхий сайд олон ч удаа ил зарлалаа. “Авлигачид Монголын шүүгчдийг олон шүүгчдийг худалдаад авчихлаа гэж олон ч удаа хэллээ. Олон нийтээс дэмжлэг хүслээ. Үүний хариуд “Ерөнхий сайд шүүх засаглалын нэр хүндэд, хараат бус байдалд халдлаа гэх шүүмжлэл ч хүчтэй гарч байна. Гэхдээ одоо л шүүх шударгаар ажиллаж, мөрөө үлдээсэн хулгайчдад хуулийн хариуцлагыг нь үүрүүлэх ёстой гэсэн хүлээлт байгаа юм. Ерөнхий сайд ч, УИХ-ын дарга ч ийм мессежийг удаа дараалан өгсөөр байна.
АТГ-ын мэдээллээр, 2022 онд Монгол улсад авлигын улмаас учирсан хохирлын хэмжээ 5 их наяд төгрөг болж нэмэгдсэн. 2021 онынхоос 4 их наядаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Улстөрчид авлига авч, хулгай хийх зуур бид ядуу тарчиг, амьд явах баталгаа муутай нийгэмд амьдарч байна. Тиймээс нүүрсний хэрэг, бас үүнтэй адил олон авлигын хэргийг шүүх шударгаар шийдэх, зохих ял шийтгэлийг нь үүрүүлэх зүй ёсны шаардлага тулж ирлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.