Технологийн томоохон тоглогчдын нэг, Foxconn-ыг үүсгэн байгуулагч Тайванийн тэрбумтан Терри Гоу ирэх оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа Даваа гарагт зарлалаа.
Гоу хэвлэлийн бага хурал дээр “Би 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор шийдсэн. Бие даан нэр дэвшин өрсөлдөнө” гэсэн байна. Гоу нэгдүгээр сард болох санал хураалтад бие даан өрсөлдөхийн тулд 290,000 хүний гарын үсэг цуглуулах шаардлагатай байгаа юм.
Терри Гоу гэж хэн бэ?
Технологийн салбар дахь тэрбумтны манлайлах, улс төрд орох амбиц нь шинэ зүйл биш юм. 2019 онд тэрээр Foxconn-ы захирлын албан тушаалаасаа бууж, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ гаргасан. Гэвч тэрээр Тайванийн гол сөрөг хүчин болох Куоминтаны намаас нэр дэвшиж чадаагүй тул нэрээ татсан юм. Гоу мөн энэ жил тус намаас нэр дэвшихийг хүссэн. Гэвч Хятадтай нягт харилцаа тогтоохыг эрхэмлэдэг тус нам оронд нь Хоу Ю-Иг нэр дэвшигчээр сонгосон. Шинэ Тайбэй хотын дарга Хоугийн урьдчилсан санал асуулга сул үзүүлэлттэй байгаа юм. Foxconn бол цахилгаан барааны томоохон үйлдвэрлэгч бөгөөд технологийн аварга Apple-ын хамгийн том нийлүүлэгчдийн тоонд ордог.
Эх сурвалж: DW