АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх жилийн арваннэгдүгээр сард болно. Бүгд найрамдах намаас хамгийн өндөр үнэлгээтэй байгаа нэр дэвшигч болох Доналд Трампыг тойрсон асуудлууд үргэлжилсээр байна.
Тэрбээр нэр холбогдсон дөрөв дэх хэргийнхээ улмаас Жоржиа мужийн Фултон тойргийн цагдаагийн газар зургаа авхуулсан. Энэ зураг нь түүний эсэргүүцлийн нэг хэлбэр болж, цаашлаад кампанит ажлынх нь нүүр царай боллоо.
Камер луу эгц харж, эсэргүүцлээ илэрхийлсэн уг зурагтай подволк, аяга зэрэг түүний сонгуулийн кампанит ажлын бүтээгдэхүүнүүд хэдийн 7 сая ам.доллар босгосныг багийнхан нь хэлжээ.
Ийнхүү Трампын нэр холбогдсон хэргүүд түүний кампанит ажлын хэсэг болон хувирч байна гэж шинжээчид тодорхойлж байна. Хэчнээн хэрэг түүний эсрэг үүссэн ч Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж буй өрсөлдөгчдөөсөө 30:50 гэсэн онооны харьцаатайгаар илүүрхэж байгаа юм.
Өнгөрсөн пүрэв гарагт авхуулсан уг зураг нь АНУ-ын түүхэнд ерөнхийлөгч анх удаа цагдаад дуудагдаж, зургаа авхуулсан явдал болсон бөгөөд Д.Трампт энэ нь маш “тухгүй” байсныг илэрхийлж байсан.
Үүгээр зогсохгүй, энэ зураг болон харцаараа өөрийнх нь эсрэг хэрэг үүсгэж байгаа хүмүүст тэмцэл зарлаж байгаагаа илэрхийлсэн гэсэн юм.
Түүний дэмжигчид ч өөрийнх нь зурагтай бүтээгдэхүүнүүдийг худалдан авч “сонгуулиас өмнөх зохиомол хэрэг тохох гэсэн оролдлого” гэдэгт санал нэгдэж буйгаа илэрхийлж байгаа юм.
2023 оны эхний хагаст Доналд Трампын кампанит ажил 53 сая ам.доллар босгосон байна.
Эх сурвалж: AL JAZEERA