Хятадын 40 гаруй байлдааны онгоц бямба гарагт Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүсийг дайран өнгөрсөн гэж Тайванийн тал мэдэгдэв. Тодруулбал, Хятадын 26 орчим нисэх онгоц Тайванийн хоолойн гол шугамыг давсан гэж Тайваний Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Түүнчлэн Хятад удахгүй болох Тайванийн сонгуульд нөлөөлөхийг оролдож байна гэж Тайванийн талаас үзэж буй юм.
Харин Хятадын тал уг сургуулилт нь цэргийн хүчнийхээ "Байлдааны нөхцөлд тэмцэх чадварыг шалгах зорилготой " гэж тайлбарласан байна. Хятадын Ардын чөлөөлөх армийн хийсэн сургуулилт нь
"Тайванийн тусгаар тогтнол"-ыг өдөөн хатгагчдад хатуу анхааруулга болно" гэж Хятадын армийн хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. Уг сургуулилт нь саяхан Тайванийн дэд ерөнхийлөгч Уильям Лай АНУ-д айлчилсантай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн жил тухайн үеийн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсны дараа болон Ерөнхийлөгч Цай Ин Вэн Калифорнид АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МакКартитай уулзсаны дараа Хятад улс томоохон цэргийн сургуулилт хийж эхэлсэн байдаг. Нэгдүгээр сард болох Тайванийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Уильям Лай Парагвайд айлчлах замаараа АНУ-д мөн саатсан юм.
Эх сурвалж: BBC