БНХАУ-ын батлан хамгаалахын сайд Ли Шаньфу ОХУ, Беларусьт зургаан хоногийн айлчлал хийж буй. Энэ үеэрээ Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн бага хуралд илтгэл тавьсан юм. Хятадын Батлан хамгаалахын сайд “Хятадын арми өндөр технологийн зэвсэг, тоног төхөөрөмж, логистикийн дэмжлэг, олон улсын терроризмын эсрэг бусад улс орнуудтай илүү нягт хамтран ажиллана” гэж мэдэгджээ. Хятад улс бусад оронтой цэргийн сургуулилт хийхээ нэмэгдүүлж, уг сургуулилтын цар хүрээг өргөтгөхөд бэлэн байгаа аж.
Эдгээр нэгдсэн сургуулилт нь Хятадын цэргийн дипломат ажиллагааны гол хэсэг юм. Мөн Хятад улс Ардын чөлөөлөх армиа энх тайвны бэлгэдэл хийгээд найдвартай түнш болгохыг зорьж байна. Нэн ялангуяа, Латин Америк, Африк, Өмнөд Ази зэрэг дэлхийн өмнөд бүсийн орнуудтай харилцаагаа дээшлүүлэхэд анхаарч байгаа юм.
Ли Шаньфу мөн Иран болон Беларусь улстай хамтран ажиллана гэдгийг илэрхийлсэн. Эдгээр улс нь Орос, Хятад тэргүүтэй Евроазийн эдийн засаг, аюулгүй байдлын бүлэг болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын шинэ гишүүн хийгээд гишүүн болох гэж байгаа орнууд юм. Уг илтгэлийн үеэр Хятадын “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ыг онцолсон. Энэ санаачилга нь барууны орнуудын гадаад бодлогын зарчмыг сөрсөн буюу нэг талын хориг арга хэмжээ авах явдлыг шүүмжилсэн гэдгээрээ онцлог юм.
БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпиний санаачилсан уг санаачилга нь аливаа асуудлыг мөргөлдөөнөөр бус яриа хэлэлцээгээр шийдэхийг урьтал болгох гэсэн санааг дэвшүүлдэг. Үүнийг бататгаж, тус улсын батлан хамгаалахын сайд Ли Шаньфу “Афганистан, Сири, Солонгосын хойг, Украин, Иран аль нь бай, БНХАУ энхийн яриа хэлэлцээг чухалчилж, олон улсын хамтын зөвшилцөлд хүрэхийг эрмэлзэх болно” гэжээ.
Эх сурвалж: SCMP