Румынтай хиллэдэг Украины Дунай мөрний боомтуудын нэг рүү Оросын нисгэгчгүй онгоцууд дайрч, үр тарианы агуулахууд өртсөн гэж Украины тал мэдэгдэв.
Тодруулбал, Украины Одесса мужийн амбан захирагч Олех Кипер “Лхагва гарагт Оросын хэд хэдэн нисгэгчгүй онгоц тус улсын өмнөд хэсэгт орших боомт руу дайрсан” гэж мэдээлжээ.
Дунай мөрний хоёр боомт нь Украины үр тарианы экспортод чухал ач холбогдолтой. Учир нь дайн эхэлснээс хойш Украины үр тарианы экспортын гол гарц байсан хар тэнгисийн боомтыг ОХУ бүсэлж, үүний дараа ОХУ, Украин, НҮБ, Туркийн байгуулсан үр тарианы гэрээнээс ч мөн ОХУ гарснаар хар тэнгисийн боомтоор Украин экспортоо гаргах боломжгүй болсон юм. Украины Дунай мөрний боомтууд нь Украины үр тарианы экспортын дөрөвний нэгийг бүрдүүлдэг аж.
Эх сурвалж: AL JAZEERA