Найруулагч Спайк Жонезийн 2013 онд нээлтээ хийсэн “Her” хэмээх бүтээлд гол дүрийн залуу (жүжигчин Хоакин Финникс) хиймэл оюун ухаанаар бүтээсэн найз бүсгүйдээ (жүжигчин Скарлет Йоханссон) хэрхэн дурлаж байгааг харуулдаг. Тэгвэл уг бүтээл гарснаас ердөө 10 жилийн дараа энэ үзэгдэл бодит амьдрал дээр биелж эхэлжээ. Хиймэл оюун ухаан цахим сүлжээн дэх олон хэсэгт нэвтэрч байгаагийн нэг нь болзооны платформ болж байна.
Тэд зохиомол хамтрагч, зөвлөгч, дасгалжуулагчийн үүргийг хэдийн гүйцэтгээд эхэлсэн юм. Tinder, Hinge гэх мэт туршлагатай, дэлхий даяар олон хэрэглэгчтэй болсон болзооны аппликэйшн, платформууд хиймэл оюун ухааныг одоо байгаа системтэйгээ хослуулж эхэлсэн. Харин Blush, Aimm, Rizz зэрэг шинэ аппликэйшнүүд виртуал болзооны арай өөр хувилбарыг санал болгож байна. Тэд хэрэглэгчдэдээ тохирох хос олохын тулд хиймэл оюуныг ашиглан хувийн шинж чанарын тест авч, заримдаа биеийн хэлбэрт дүн шинжилгээ хийдэг болжээ.
2023 оны Пю судалгааны төвийн хийсэн судалгаагаар 30-аас доош насны насанд хүрэгчдийн тал нь болзооны аппликэйшнүүд туршиж үзсэн байна. Гэвч тэдний тал хувь нь амжилт олоогүй буюу “дэмий цагаа үрсэн” гэж туршлагаа хуваалцсан. Харин хиймэл оюуныг олон янзаар болзооны аппликэйшнд нэвтрүүлж эхэлснээр олон хүнийг сэтгэл хангалуун байлгах боломжтой гэж болзооны платформ хөгжүүлэгч нар үзэж байна.
Эх сурвалж: CNN