Украины агаарын цэргийн хүчний мэдээлснээр Орос улс далавчит болон хэт авианы пуужин, мөн Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоц ашиглан өнгөрсөн амралтын өдрүүдэд Украин руу агаарын довтолгоо хэд хэдэн удаа өгсөн. "Дайсан нийтдээ 70 агаарын довтолгооны зэвсэг ашигласан" гэж Украины албаныхан мэдэгдсэн юм.
Уг дайралтын улмаас энгийн иргэд эндэж, шархадсан. Орон сууцны барилгууд болон иргэний бусад дэд бүтэц ихээхэн хохирол амсжээ.
Украины Агаарын цэргийн хүчин 40 далавчит пуужингийн 30-ыг нь, мөн бүх Шахед нисгэгчгүй онгоцыг устгасан гэж мэдэгдсэн. Украины албаныхны мэдээлснээр, зүүн Харьков мужийн Купянск хотын цус сэлбэх төвд Оросууд мөн бөмбөг дэлбэлж, дор хаяж хоёр хүн амь үрэгдэж, дөрвөн хүн шархадсан байна. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский барууны орнуудыг цэрэг зэвсгийн дэмжлэг үзүүлж байгаад сайшааж, Украины хүчин АНУ, Германаас нийлүүлсэн агаарын довтолгооноос хамгаалах систем үр дүнгээ өгч байгаа талаар тодотгосон юм. Үүнд АНУ-д үйлдвэрлэсэн Patriot болон Германы IRIS-T багтаж байна.
Үүний зэрэгцээ, Саудын Арабын Жидда хотноо Украины зохион байгуулснаар хоёр өдрийн турш энхийн яриа хэлэлцээний дээд хэмжээний уулзалт болсон. Гэвч энэ уулзалтаас тодорхой үр дүн гараагүй юм. ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Сергей Ябков энэ уулзалтыг Украины талын улсуудыг нэмэгдүүлэх гэсэн барууны орнуудын арга ядсан оролдлого гэж тодотгоод буй.
Эх сурвалж: AL JAZEERA