УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал Азийн улс төрийн намуудын залуучуудын байгууллагын тэргүүнээр сонгогдлоо. Тэрээр өөрийн цахим хуудастаа: Миний бие Ази тивийн 49 орны намуудыг эгнээндээ нэгтгэсэн залуучуудын байгууллагын тэргүүнээр сонгогдсоноо эрх мэдэл гэхээсээ итгэл, их үүрэг гэж хүлээн авч байна.
Бөмбөрцгийн хүн амын 60 орчим хувь нь аж төрдөг, 41,36 их наяд долларын ДНБ-тэй, хамгийн том газар нутагтай тивийн намуудын залуучуудын байгууллагыг удирдана гэдэг өндөр хариуцлага.
Ази тивийн 50 орны 49-ийнх нь улс төрийн намууд элсэн орж, идэвхтэй оролцож байгаа энэ байгууллага залуучуудын үүрэг манлайллыг бодлогын гол тулгуур хүчин зүйлээ гэж үздэг учир үүрэг хариуцлагыг улам өндөрсгөж байна.
“Монгол гэдэг нэгэн нэр ертөнцийн чихэнд дуурсгалтай” хэмээх үгийг эрхэмлэж, Ази тивийн залуучуудын улс төр, хөгжлийн бодлого дахь манлайлал, оролцоог илүү өндөр түвшинд гаргахын төлөө ажиллах болно.
Олон янзын соёл, шашин, нийгмийн байгууллын талбар болсон, өөр хоорондоо эрс ялгаатай үндэстэн улсуудаас бүрддэг боловч Ази тивийн залуучууд хөгжлийн бодлого, шийдвэр гаргах түвшинд өндөр манлайллаар идэвхтэй оролцох хүсэл зорилго дээрээ нэгдэж байна.
Ази тивийн залуус бид хэл, соёл, олон зүйлээр өөр боловч илүү сайхан ирээдүй, илүү сайхан тив, дэлхийнхээ төлөө гар гараа барилцан, нэгэн баг болон нэгдэн зүтгэнэ хэмээн бичсэн байна.