Дуучин Тэйлор Свифт аялан тоглолтоо Сиетл хотоор үргэлжлүүлж байна. Тус хотод хоёр шөнө тоглох хуваарьтай байсан ба энэ үеэр түүний шүтэн бишрэгчид бүжиглэж, 2.3 магнитудын хүчтэй газар хөдлөлттэй тэнцэхүйц доргилт үүсгэснийг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ нь 2011 онд болж байсан тохиолдолтой төстэй болж байгаа юм. 2011 онд Америк хөлбөмбөгийн “Seattle Seahawks” багийн шүтэн бишрэгчид мөн төстэй үзэгдлийг үүсгэж байжээ. Гэхдээ Тэйлор Свифтийн шүтэн бишрэгчид хавьгүй илүү доргилт үүсгэсэн байна. Тоглолт дээр байсан нэгэн үзэгч “Би амьдралдаа тийм зүйл мэдэрч байгаагүй. Газар доргиж байгаа нь маш сайн мэдрэгдэж байсан. Одоо ч чих минь дүнгэнэж байна” гэж CNN-д хуваалцжээ. Дуучин бүсгүй өөрөө ч үүнийг мэдэрсэн ба инстаграм хуудаснаа “Үнэхээр гайхалтай байлаа. Та бүхний дуу хоолой, хөдөлгөөн гээд бүх зүйл мэдрэгдлээ” гэж бичсэн байна.