Ирландын алдарт дуучин, активист Шонод О’Коннор 56 насандаа нас барсныг түүний гэр бүлийнхэн олон нийтэд мэдэгдлээ. Дуучин бүсгүйн 1990 онд гаргасан “Nothing compares 2 u” дуу нь түүнийг нэр алдарт хүргэсэн ба дэлхий даяар дууны жагсаалтуудыг тэргүүлж байв. 1966 онд мэндэлсэн дуучин бүсгүй хэцүү бэрх бага насыг туулж, 1987 онд анхны цомгоо гаргасан нь багагүй амжилтад хүргэсэн байдаг. Тэрбээр 1987-оос 2014 оны хооронд нийт 10 цомог гаргасан байна. 1991 онд Роллинг Стоун сэтгүүл түүнийг “оны шилдэг уран бүтээлч” хэмээн тодорхойлсон нь 1990-ээд он түүний карьерын хамгийн амжилттай үе байсныг илтгэдэг аж. Уран бүтээлчээс гадна чамгүй идэвхтэн байснаар нь олон нийт түүнийг сайн мэднэ. Тухайлбал, телевизийн нэвтрүүлгийн үеэр зочин уран бүтээлч байхдаа Шонод О’Коннор пап ламын зургийг урж, католик сүмүүдэд өрнөж байсан хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо илэрхийлж байсан удаатай. Гэхдээ энэ үйлдлээс нь болж NBC телевиз түүнийг дахиж хэзээ ч нэвтрүүлгүүддээ оруулахааргүй болж, Нью-Йорк хотод түүний эсрэг жагсаал ч өрнөж амжсан юм. Дуучин бүсгүй энэ үйлдэлдээ харамсаагүй гэдгээ тухайн үед илэрхийлж байсан байдаг.