Богд хааны ордон музейн сэргээн засварлалтын ажил 50 гаруй хувьтай үргэлжилж байгааг Соёлын Яамнаас мэдээлэв.
Богд хааны ордон музей нь Монголын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий түүх соёлын үл хөдлөх дурсгалт байгууламж юм.
Тодруулбал 1893-1903 оны хооронд баригдсан тус музейд XVII-XX зууны үеийн Монголын хаант төр, шашин түүх, урлаг соёлын давтагдашгүй, хосгүй үнэт дурсгалууд хадгалагддаг бөгөөд 120 гаруй жилийн настай.
Хамгийн сүүлийн бүрэн хэмжээний сэргээн засварлалт 1961-1962 онд хийгдсэн бөгөөд сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд жижиг хэмжээний сэргээн засварлалтын ажил хийгдэж байсан.
Энэ удаад Бурхдын сүм, Найдан сүм, Лавиран сүмүүдийг сэргээн засварлаж байна. Одоогоор Бурхдын сүмийн шалны дэр моднуудыг тавьж, шал шахахад бэлэн болсон. Мөн Найдан сүмийн дээврийн ваарыг хуулж, шинээр дээвэрлэх ажил хийгдэж байна.
Богд хааны ордон музейн сэргээн засварлалтыг Энэтхэг улс болон Солонгос улсын соёлын өв, уран барилга, архитектурын дурсгалыг сэргээн засварладаг, олон улсын туршлагатай мэргэжилтнүүдийг урьж авчран ажиллуулсан. Түүнчлэн Монголын үндэсний мэргэжилтнүүд оролцсон.
Сэргээн засварлалтын ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд энэ онд багтаан засварлалтын ажлыг дуусгахаар төлөвлөж байгаа юм.