Бид Дорноговь аймгийн Мандах сумын харьяат аймгийн алдарт уяач Доржхуягийн Хашбаттай ярилцлаа. Түүний хувьд улсын их баяр наадамд таван насны морио уралдуулахаар ирсэн ч морины хэмжилтийн асуудлаас үүдэн хоёр насны морио л уралдуулж амжжээ. Тэрбээр үүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм.
Энэ талаар ярихдаа, “Ардын хувьсгалынхаа түүхт 102 жилийн ойд ирж сайхан уралдлаа даа. Таван насны морьтой ирсэн. Сайхан уралдсан. Гэвч хоёр насныхаа морийг л уралдуулж чадлаа. Гурван насныхаа морийг сэрвээ хэмжилт гээд янз бүрийн асуудлаас болоод хасуулчихсан. Харамсалтай байна.
Үнэнч шударга хэмжээд морьдоо уралдуулж байгаа хүмүүсд бол сэрвээ хэмжилт сайхан санагдаж байна. Гол нь арай хайнга хэмжээд, хариуцлага алдаад байна уу гэсэн хардлага төрж байна. Сэтгэл дундуур буцаж байна даа наадмаас…
Хэмжилт бол ерөөсөө л нарийн байх ёстой. Хариуцлагатай байж, хэмжиж байгаа хүн нь үнэн сэтгэлээсээ хэмжих хэрэгтэй. 140.1 мм гэх шиг. Энэ байдалд их хариуцлагагүй хандаж байна. Үүнээс болж уяач бидний бүтэн жилийн хөдөлмөрийн асуудал хөндөгдөж байна. Цаашдаа энэ тал дээр хариуцлагаа өндөржүүлэхгүй бол уяач бидний хувьд их хүндрэлтэй байдал үүсэж байна.
Миний даага гэхэд л хэмжээндээ ордог. 126 тай даага гэхэд л 128 гэж ч байх шиг. Ийм алдаатай зүйл их байна. Зарим нь хоёр см-аар, зарим нь мм-ээр хасагдлаа даа. Харамсалтай морьд их байна. Манай галаас гэхэд улс, бүсийн наадамд айраг түрүүлж байсан морьд энэ жил хасагдлаа. Бодит байдлыг харах юм бол их харамсалтай санагдаж байна.
Морь морины онцлог байна л даа. Зарим морь хэмжилтэд ороод биеэ чангалах, онцгой байдлаа харуулах зэргийг харгалзан үзэж, хэмжиж байгаа улсууд нэлээн зохицуулж байж хэмжилт гэдэг юмыг хийж байвал уяач бид хэн хэндээ гомдолтгүй, сэтгэл санаа сайхан явах юм даа. Энэ хэмжилтээр хасагдана гэдэг бол бүтэн жилийн маань хөдөлмөр.
Уяач хүн гэдэг бол дөрвөн улирлын турш хөдөлмөрлөж байдаг. Тэр хөдөлмөрийг маань үнэгүйдүүлэх зэрэг хариуцлагагүй асуудал их үүсэж байна. Тиймээс манай төр засаг улс бүсийн том наадмуудад сэрвээгээр хэмжих асуудлаа л улам төгөлдөржүүлж, хөдөөнөөс ирсэн биднийгээ сайхан гомдолгүй наадмаас буцааж байх нь чухал юм даа” гэв.