Унгарын Будапешт хотноо Дэлхийн чансааны оноо олгох Polyák Imre & Varga János Memorial тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний 2 дахь өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “Белград-2022” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Наранхүү, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Осло-2022”, “Белград-2023” ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 53 кг-ын жинд “Токио-2020” олимпын наадмын хүрэл, “Нурсултан-2019” ДАШТ-ий хүрэл медальт МУГТ Б.Болортуяа, 68 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө хүрэл медальт Э.Дэлгэрмаа нар хүч үзлээ.
Өнөөдөр барилдсан Монголын бөхчүүдээс Олимп, ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Б.Болортуяа 53 кг-ын жинд алтан медалийн төлөө өрсөлдөх эрхээ авлаа.
Тэрбээр эхний тойрогт хийлж, улмаар Европын хошой аварга Шведийн Э.Малмгренийг 4 минут 15 секундэд 10:0 оноогоор цэвэр, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Канадын Д.Вейкерийг 48 секундэд 10:0 оноогоор цэвэр, 2022 оны дэлхийн аварга АНУ-ын Д.Парришийг 2 минут 42 секундэд 13:2 оноогоор цэвэр ялаад байна.
Аваргын төлөөх барилдаанд түүний өрсөлдөгч нь Эквадорын Л.Иепес Гузман (U23 насны дэлхийн аварга) байх юм.
Мөн 50 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, МУГТ Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ.