Европын өмнөд хэсэг болон баруун хойд Африкийн зарим хэсгийг хамарсан халууны давалгаа ойрын өдрүүдэд дээд түвшинд хүрч болзошгүй байна. Тодруулбал, Испани, Франц, Грек, Хорват, Туркийн зарим нутагт агаарын температур 40 градус давах төлөвтэй байгаа аж.
Түүнчлэн, Италид агаарын температур 48.8 градуст хүрэхэд тун ойрхон байгааг эх сурвалжууд мэдээллээ. Үүнээс болж Италийн Ром, Болонья, Флоренс зэрэг 10 хотод улаан түгшүүр зарласан байна. Мягмар гаригт Италийн хойд хэсэгт дөч гаруй насны эрэгтэй халуунаас болж нас барсан нь нөхцөл байдал хэр хурцдасныг харуулж байна гэж хэвлэлүүд анхааруулж байгаа юм. Энэ талаар Италийн улс төрч Никола Фратоианни твиттер хуудаснаа “Бид тэсэхийн аргагүй халуунд амьдарё байна” гэж жиргэжээ. Албаныхан хүмүүсийг өдөрт дор хаяж хоёр литр ус ууж, архи, согтууруулах ундаа болон кофе уухгүй байхыг зөвлөж байна. 2021 оны 8-р сард Италийн Сицили арлын ойролцоо Европ дахь хамгийн халуун температур буюу 48.8 градус бүртгэгдсэн. Өнгөрсөн жил тохиолдсон энэ халууны улмаас Европт 60 мянга гаруй хүн нас барсан гэх тооцоолол хүртэл бий. Тиймээс энэ зун хэт халах нь олон хүний амь насыг хохироох вий гэсэн айдсыг Европ даяар хэдийн үүсгээд байна. Испанийн Майорка арал дээр 5-р сараас хойш эрүүл мэндийн яаралтай тусламжийн утас өдөр бүр хэт халалтын улмаас харвасан дуудлага хүлээн авч байгаа аж.