Франц улс Украинд алсын тусгалтай далавчит пуужин нийлүүлнэ гэж тус улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдлээ. Вильнюс хотноо болж буй НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирснийхээ дараа тэрбээр энэ шийдвэрээ зарласан юм. Их Британиас Украйнд хэдийн нийлүүлсэн уг пуужин нь 250 км хүртэлх зайг туулах чадвартай.
Францын энэ алхамыг ОХУ буруушааж, "дэмий шийдвэр" гэж нэрлээд байна. Тухайлбал, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Энэ нь биднийг сөрөг арга хэмжээ авахад хүргэнэ” гэж анхааруулжээ. Харин ХБНГУ Украинд дахин 700 сая еврогийн цэргийн тусламж үзүүлэхээ амлалаа. НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирсэн Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториусын хэлснээр шинэ багцад Патриот пуужингийн систем хоёр, Леопард 1 A5 танк 25, Мардер явган цэргийн байлдааны 40 машин, 20,000 орчим их буу, 5,000 ширхэг утааны сум багтах аж.