Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр яригдсан нэг гол сэдэв нь Улаанбаатар хотын төлөвлөлтийн тухай асуудал байлаа. Энэ талаар хотын дарга Д.Сумъяабазараас тодрууллаа.
Тэрбээр “Энэ айлчлалын гол гол олзуурхууштай хэсэг бол Улаанбаатар хотын зөв төлөвлөх, хөрөнгө оруулалт татах асуудал болж байна. Хотод оруулсан хөрөнгө оруулалт улсын эдийн засгийн 6 дахин тэлдэг гэх тооцоо судалгааг мэргэжлийн байгууллагынхан ярьж байна. Эдийн засгаа тэлье гэвэл Улаанбаатар хот руу дэд бүтцийн хөрөнгө оруулалт татах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Ер нь, Улаанбаатар хот бол улсын хүн амын 50-иас дээш хувь нь амьдарч байгаа нийгэм, эдийн засгийн цогцолбор. Хот руугаа бодлогын, хөрөнгө оруулалтын түвшинд анхаарч байгаа гэдгээ бид олон улсад танилцуулж байна.
Энэ хүрээнд Хятадын зураг төслийн хүрээлэнтэй хамтрахаар Улаанбаатар хотын бодлогын судалгааны инстиуци, хотын ерөнхий архитектурын бүрэлдэхүүнтэй баг уулзалтуудаа нарийвчлаад хийгээд явж байна. 7 сарын 9-10-нд Монголд болох Монголын эдийн засгийн форумын үеэр Хятадын зураг төслийн хүрээлэнгийн төлөөлөл Монгол улсад ирнэ. Тэр үеэр Улаанбаатар хотын тулгамдсан асуудлаа илүү нарийвчилж ярилцах, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр, санамж бичиг зурахаар бэлдэж байна. Хот руугаа анхаарахгүйгээр цаашид улсын хөгжил урагштай явахгүй гэдэг нь ойлгомжтой. Гадны хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хот руу татаж байгаа нь цаг үеэ олсон хамгийн зөв шийдэл гэж би дотроо бодож байгаа. Үүнийг гадны хөрөнгө оруулагчид ч хэлж байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.