Нийслэл Улаанбаатарт болж буй үйл явдал, бодлого шийдвэр, бүтээн байгуулалт, тулгамдсан асуудал хийгээд тэдгээрийн шийдлийг хөнддөг “Хот” нэвтрүүлгийн дугаарыг Сөүл хотоос бэлтгэлээ. Хотын иргэдийн ая тух, амьдрах орчинд чухал нөлөө үзүүлдэг ногоон байгууламжийг энэ удаад онцоллоо.
Жишиг
Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад ногоон байгууламжийн эзлэх хувь хэзээд чухал. Тиймээс ч дэлхийн хотууд 50:50, 60:40 гэсэн харьцаатай ногоон байгууламжтай хотыг бий болгох стандартыг мөрддөг аж. Манай улсын хувьд 70:30 харьцаатай зохицуулалт үйлчилж байснаас болж өнөөдөр Улаанбаатар хотын ногоон байгууламжийн харьцаа, орон зайн төлөвлөлт, иргэдийн ая тух алдагдсаар ирсэн. Өнөөгийн нөхцөлд хотын бүтээн байгуулалтын 60 хувь нь ногоон байгууламж, 40 хувь нь барилга байгууламж байхаар төлөвлөх шаардлагатайг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар онцолж буй.
Нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах, хотыг цэцэрлэгжүүлэх, ойжуулах, тохижилт бүхий гудамж, талбайг байгуулснаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар 5.7 ам метр болж нэмэгдсэн байна. Гэсэн ч энэ нь дэлхийн томоохон хотуудын дунджаас 3-4 дахин бага юм. Иймд нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь эн тэргүүнд хийх ажлын нэг болоод буй.
Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нийтийн эзэмшлийн зам, талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийг найман ам метрт хүргэхээр төлөвлөн ажиллаж буй. Тодруулбал, нийслэлийн иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлж, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, “Хотын иргэний аюулгүй байдал”-ыг хангах зорилгоор нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг бусад хотын жишигт хүртэл нэмэгдүүлж мод тарьж, ургуулах юм.
Асуудал
Оршин суугчдынхаа амьдралын чанарыг дээшлүүлж байдаг ногоон байгууламжийн хэрэгцээ хотын хүн амыг даган өссөөр буй. Нийслэлийн удирдлагын хувьд нийтийн эзэмшлийн талбайг ногоон болгох зорилгоор чамгүй ажлуудыг хийж буй. Тухайлбал, зөвшөөрөлгүй барьсан хашаа, гараашийг буулгаж, чөлөөлсөн газарт ногоон байгууламж бүхий тохижилт хийх ажил өнгөрсөн жилээс эхэлж, одоо ч үргэлжилсээр байна.
Гэвч хотыг бүхэлд нь ногооруулахад тулгамддаг нэг асуудал бий. Улаанбаатар хотын газар нутгийн хэмжээ 470,440 га. Энэ талбайн 83 хувь нь иргэдэд өмчлөгдсөн болон аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байдаг аж. Тэгэхээр үлдсэн 27 нь хувь нь л нийтийн эзэмшлийн талбай юм. Тэгэхээр зөвхөн нийтийн эзэмшлийн талбайд мод тарьж, зүлэгжүүлэх нь хангалтгүй. Тиймээс өөрийн эзэмшлийн талбайдаа ногоон байгууламж бий болгох, мод тарих аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгыг нийслэлийн удирдлага дэмжин ажиллаж буй.
Туршлага
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-ын Сөүл хотноо албан томилолтоор ажиллахдаа Хан мөрний бүтээн байгуулалттай танилцан, туршлага судалсан. Хан мөрөн нь хотынхоо дундуур 40 км орчим үргэлжилдэг бөгөөд 11 цэцэрлэгт хүрээлэнтэй. Жилд дунджаар 60 сая гаруй хүн эдгээр цэцэрлэгт хүрээлэнг зорьдог гэсэн судалгаа бий.
Анх тус мөрний усыг халихаас сэргийлж далан байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг 1960 оноос эхэлсэн бол өдгөө иргэдийн амарч, зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэхээр зорьж очдог газраас гадна эдийн засаг, худалдаа, үйлчилгээний бүс болон өргөжсөн байна. Хотын дарга Д.Сумъяабазар “Иргэдийн ая тухтай байдлыг хангасан, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах, орчин үеийн шийдэлтэй байгууламжуудыг Хан мөрний эрэг дагуу байгуулсан байна. Энэ бол зөвхөн иргэдийн амарч тухалдаг ногоон бүс биш, бас эдийн засаг, бизнесийн хувьд өгөөжөө өгдөг бүтээн байгуулалт. Манай Улаанбаатар хот ч мөн Туул голыг түшиглэсэн эдийн засгийн бүсийг бий болгох боломжтой. Ингэхдээ хот хувийн хэвшилтэйгээ хамтарч, санхүүгийн дэмжлэг үзүүлж, иргэдийн ая тухтай байдлыг хангах боломж бий” гэсэн юм.