“Олон улсын гармын мэдлэг дээшлүүлэх өдөр”-ийг УБТЗ-ын хамт олон 11 жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Олон улсын Төмөр замын Холбооны гишүүн улс орнууд энэхүү өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ өдрийг угтаж төмөр замын гарам дээр гарч буй осол, зөрчлийг бууруулах зорилгоор төмөр замын гармын хаалт хамгаалалт, дохиоллыг сайжруулах, тээврийн хэрэгслийн жолооч, явган зорчигчдод хандсан сурталчилгаа хийх зэрэг ажлыг зохион байгуулдаг. Энэ жил УБТЗ-ын хувьд энэ өдрийг угтаж “Түр зогс, бүү яар” нөлөөллийн аяныг улс орон даяар өрнүүлж ажилласнаас гадна нийслэлийн ачаалал өндөртэй “Сонсголонгийн 2-р км-ийн гарам”-ын дохиоллын системийг нэмж сайжруулан, авто замын тусгаарлах зурвасыг нэмж хийж, “Олон улсын гармын мэдлэг дээшлүүлэх өдөр”-өөр ашиглалтад орууллаа. Мөн энэ өдөр жолооч нарт гармын аюулгүй байдлын талаар сурталчилгааны материал тарааж, хүүхдүүдийн дунд төмөр замын гармын тухай зургийн уралдаан зарласнаа дүгнэжээ.
Хэдийгээр гармын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч байгаа ч жолооч нар галт тэрэг ирж байхад гармаар амжиж гарах гээд алдах тохиолдол гарсаар байгаа юм. Зөвхөн 2022 онд төмөр замын гарам дээр автомашин байснаас 57 удаа яаралтай тоормос хийн зогсжээ. 6000 тонн жинтэй 100 вагон чирсэн зүтгүүр яаралтай тоормос хийхэд 1000 метр буюу нэг км замыг туулж байж зогсдог. Мөн эдийн засгийн талаас нь тооцож үзвэл бүрэн жинтэй галт тэрэг зогсоод, ахин хөдлөхөд 40 литр түлш буюу 154 мянган төгрөгийн үргүй зардал гардаг байна.
Гарам дээр гарсан нийт ослын 98 хувь нь хувь хүний буруутай үйлдлээс болсон байдаг тул төмөр замын аюултай бүсээр нэвтрэн өнгөрөхдөө "ЗОГС, ХАР, СОНС" гурван дүрмийг ягштал баримтлахыг уриалж байна.