Баян-Өлгий аймгийн хэмжээнд цаг агаарын хэт халалтын улмаас уулархаг бүсийн цас ихээр хайлж Ховд, Сагсай, Булган, Буянт, Турган, Чихэртэй, Ганц мод, Цагаан гол, Согоог, Хар бутны зэрэг голын усны түвшин эрс нэмэгджээ. Улмаар үерийн түвшингээс давж аюулын түвшинд хүрэх эрсдэл үүссэн байна.
Тухайлбал Ховд голын усны түвшин нэмэгдсэнээс далангийн ус хальж 30 айл өрх усанд автсан бол Бугат сумын 3 дугаар багт аялал зугаалгаар явж байсан нэг иргэн Ховд голын усанд сэлэх гэж ороод осолджээ.
Мөн Цэнгэл сумын аялал жуулчлалын бүс болох “Сыргалы”, Хотон, Хурган нуур чиглэлийн болон Өлгий-Даян боомт чиглэлийн “Хув үе”, Харганатын гол, Шар тэгшийн голын модон гүүр, Бугат суманд байрлах Хатуугийн голын 156 метрийн урт төмөр бетон гүүр, Ярантын боомт чиглэлийн орон нутгийн чанартай авто замын Булган зэрэг голуудын модон гүүрний зорчих хэсэгт цөмөрч, суулт үүсэн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон. Түүнчлэн Алтай сумын орон нутгийн чанартай авто замын Хар бутны голын модон гүүр бүхэлдээ голын усанд урсаж дахин ашиглах боломжгүй болжээ.