7-р сарын хамгийн хүлээлттэй байгаа кино бол яах аргагүй найруулагч Грета Гервигийн “Барби”. Тэгвэл тус киноны гол дүрийн жүжигчид болох Марго Робби болон Райн Гослинг нар ирэх сард БНСУ-д очихоор болсныг Уарнер Брос-ын БНСУ дахь төлөөлөгч мэдээллээ.
Гол дүрийн жүжигчид найруулагчийн хамтаар БНСУ-д 7-р сарын 2-3-ны хооронд очиж, шүтэн бишрэгчидтэй уулзаж, шинэ киногоо сурталчлах аж. “Барби” кино нь бодит ертөнц болон барбинуудын оршдог тусдаа ертөнцийн хоорондох заагийг харуулах ба трейлер дээрээсээ огт өөр утга агуулгатай гэж кино бүтээгчид хэлж байгаа юм. БНСУ бол кино зах зээлд шинээр гарч буй томоохон тоглогч. Тиймээс Холлиудын “томчууд” тус улсад ирж, киногоо сурталчилж байгаа нь БНСУ-ын зах зээл дэлхийн энтертэйнмент зах зээлд хэр нөлөөтэй болсныг харуулж байна гэж хэвлэлүүд онцолж байна.