Твиттерийн шинэ гүйцэтгэх захирал Линда Яккарино “Твиттер 2.0”-ийн төлөвлөгөөг танилцууллаа.
Тэрбээр Твиттер платформ нь дэлхийн хамнийн найдвартай, энэ цаг үеийн, бодит мэдээллийн эх сурвалж байх болно гэжээ. Элон Маск өнгөрсөн жилийн 10-р сард Твиттерийг худалдаж авснаас хойш тус платформын худал мэдээлэлтэй тэмцэх арга хэлбэр шүүмжлэлд өртсөөр ирсэн. Тиймээс шинэ захирал нь Элон Маскын Твиттерийг өргөжүүлэх гэсэн зорилгыг дэмжиж, өөр арга барилаар үүнд шилжинэ гэдгээ твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Өөрийгөө "Үг хэлэх эрх чөлөөний үнэмлэхүй үзэлтэн" гэж тодорхойлсон Э.Маск Твиттерийн өмнөх бодлогыг шүүмжилж, уг платформ нь үг хэлэх эрх чөлөөний жинхэнэ талбар байх ёстой гэж үзэж байсан.
Улмаар тэрбээр өмнө нь хаягаа хаалгуулсан байсан барууны жигүүрийн үзэлтнүүдийн хаягийг дахин сэргээсэн ч энэ нь Твиттерийг улам эмх замбараагүй болгосон гэж олон нийт шүүмжилсэн юм. Хагас жилийн дотор Твиттерт зар сурталчилгаа нийлүүлэх компаниудын тоо цөөрч, 12-р сард тус компанийн орлого 40 хувиар буурсан. Э.Маск өнгөрсөн жил Твиттерийг 44 тэрбум доллараар худалдаж авсан ч хагас жилийн дараа Тесла болон SpaceX зэрэг бусад бизнестээ анхаарлаа хандуулахын тулд дараагийн хүнээ сонгох шаардлагатай болсон юм. Тиймээс 5-р сарын 12-нд тэрбээр зургаан долоо хоногийн дотор Линда Яккарино түүнийг орлож, Твиттерийн гүйцэтгэх захирлаар ажиллах болно гэж мэдэгдсэн билээ. Гэсэн хэдий ч зургаан долоо хоног хүрэлгүй буюу маш богино хугацаанд Линда Яккарино шинэ ажлаа хүлээн авч, ийн шинэчлэлийн ажилдаа эрчтэйгээр орлоо гэж хэвлэлүүд онцолж байна. Линда Яккарино өмнө нь хэд хэдэн медиа компани, зар сурталчилгааны чиглэлээр амжилттай ажилласан гэдгээрээ салбартаа нэртэй эмэгтэй аж.
SOURCE: BBC