"Авто зам засвар арчлалт" ТӨХК–ийн 20 байгууллагыг нэгтгэж, хувьчлахыг эсэргүүцэж Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
"Авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо"-ны дарга Б.Цэрэнпүрэв "Авто зам засвар арчлалтын 20 аймагт байдаг 21 байгууллагыг нэгтгэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан.
Эдгээр Авто Зам Засвар Арчлалт (АЗЗА)-ын компани ашиггүй ажиллаж байгаа учраас ашигтай ажиллуулахын тулд нэгтгэснээр 1.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компанийг 30 гаруй тэрбум төгрөгийн үнэлгээтэй болгоно гэж шийдсэн байдаг. Ингэж нэгтгэснийхээ дараа олон нийтэд хувьцаа гаргана. Мөн компанийн засаглалыг сайжруулж хөрөнгө оруулалтыг татаж, ТУЗ-ийн гишүүн 180 хүнийг есөн хүн болгон цөөлөх шийдвэр өнгөрсөн долоо хоногт гарсан.
Дээрх шийдвэрийг авто замчид хүлээн зөвшөөрөхгүй. Энэ шийдвэр иргэд, хэрэглэгчдийн аюулгүй байдлыг алдагдуулах эрсдэлтэй. Түүнээс гадна ажилчдын нийгмийн хамгаалал болон ажлын байрны баталгаа алдагдана.
Олон жил АЗЗА-д ажилласан дадлага, туршлагатай мэргэжлийн хүмүүсийг ажилгүй болгож, компаниудын хөрөнгө мөнгийг идэж шамшигдуулах шийдвэр гарлаа.
Тухайлбал Ховд аймгийн хоёр давхар байрны нэг давхарт Ховд АЗЗА-ын байр бий. Харин хоёр давхарт нэр бүхий УИХ-ын гишүүний өмчлөл байх жишээтэй. Газар нь хүртэл хоёр хуваагдсан. Тэгэхээр компаниудын өмч хөрөнгийг авах Засгийн газрын шийдвэр буруу" хэмээв.