“The Best”, “What’s love got to do with it” зэрэг дуунуудаараа дэлхийд танигдсан од болох дуучин, Рок н Роллын хатан хаан гэгдэх Тина Тёрнер удаан хугацаанд өвчтэй байсны эцэст 83 насандаа таалал төгслөө.
Тэрбээр эрч хүч дүүрэн амьд тоглолтууд, хүчирхэг дуу хоолойгоороо дэлхийд өргөмжлөгдсөн нэгэн байсан билээ. Домогт дуучин 1960-аад оноос уран бүтээлийн замналаа эхлүүлсэн бөгөөд тухайн үед өөрийнх нь нөхөр байсан Айктай хамтран “Proud Mary”, “River deep, Mountain High” зэрэг бүтээлүүдээ гаргаж байсан юм. Нөхөр нь түүнийг хүчирхийлдэг байсан тул 1978 онд Айкаас салж, 1980-аад оноос ганцаарчилсан уран бүтээлүүдээ хийж эхэлсэн нь хожим нь түүнд асар их амжилтыг авчирсан байдаг. Түүний менежерээр 30-аад жил ажилласан Рожер Давис “Түүний найз нөхөр байсан гэдэг маань нэр төрийн хэрэг. Тэр бол байгалиас өгөгдсөн нэгэн байсан” гэсэн бол бусад алдарт уран бүтээлчид домогт дуучинд хүндэтгэл үзүүлж эхэллээ. Тухайлбал, Глориа Гейнор “Тэр маш олон эмэгтэйг рок хөгжмөөр уран бүтээлээ хийх замыг нь тавьж өгсөн хүн” гэсэн бол Элтон Жон “Тайзан дээр ч, хаана ч тэр бол жинхэнэ уран бүтээлч хүн байсан” гэжээ. Тина Тёрнер амьдралынхаа сүүлийн жилүүдэд хорт хавдар, бөөрний өвчин зэрэг олон өвчинтэй зэрэг тэмцэж байсан юм.
Тэрбээр найман удаагийн Греммийн шагналт нэгэн бөгөөд Биёнсе, Рианна, Жаннет Жэксон тэргүүтэй залуу уран бүтээлчид түүнээс үлгэр дуурайлал авдгаа хэлж байсан билээ. Домогт дуучны уран бүтээлчийн замналын тухайд, Теннеси мужид үр тарианы бизнесс эрхэлдэг гэр бүлд төрж, өссөн ба нөхрийнхөө “The kings of rhythm” хамтлагийн арын дуучнаар ажиллаж, олон нийтэд танигдаж байжээ. Удалгүй Тина Тёрнер тус хамтлагийн гол дуучин болж, Рок н Роллын хатан хаан болох эхлэлээ тавьж байсан түүхтэй аж.