Өчигдөр буюу тавдугаар сарын 19-ний өглөөний 06:00 цагаас зүүн аймгуудын нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с хүрч, Хэнтий , Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар салхины хурд зарим үед 28-30 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурлаа.
Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Хэнтий аймагт 8, Сүхбаатар аймагт 112 иргэн, нийтдээ 120 иргэн төөрсөн, сураггүй болсон гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирүүлсэн. Дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 104 иргэнийг эсэн мэнд олсон бол 16 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мөн хүчтэй салхинд Хэнтий аймагт 8 байшин, Ерөнхий боловсролын хоёр сургуулийн дээвэр хууларч, 13 гэр нурсан бол Сүхбаатар аймагт 5 гэр нурж, 8 байшингийн дээвэр хууларч, үүрэн телефоны антен унасаныг аюулгүй болгосон гэсэн мэдээллийг ирүүллээ.
05 дугаар сарын 19-ний өдрийн 13:00 цагаас 20-ны өдрийн 10:00 цаг хүртэл Улаанбаатар-Хэнтий, Дорнод, Сүхбаатар чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан.
Өнөөдөр буюу 05.20-ны өдөр Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 8-13 м/с болж буурч, өдөртөө +9-өөс +14 градус дулаан байх төлөвтэй байна.
Мэргэжлийн байгууллагууд цаг агаарын төлөв байдлын мэдээлэл, урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн сүлжээг ашиглан ард иргэдэд тогтмол хүргэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.