Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит Шинэ Сэргэлт-Шинэ Мянган сургалтын тэтгэлэг энэ оны 3 сарын 23-ны өдөр зарлагдаж, бүртгэл албан ёсоор эхэлсэн. Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050, дунд хугацааны хөгжлийн бодлого Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгын хүрээнд энэ удаагийн Монгол улсын Ерөнхий сайдын тэтгэлэг зарлагдсан юм.
Тэтгэлэг дотоодын их дээд сургуулийн шилдэг суралцагч 50 хүртэлх оюутанд 10 сая төгрөг, гадаадын шилдэг 100 ранкийн их дээд сургуульд магистр, докторын түвшний сургалтад урилгаа авсан 50 хүртэл суралцагчийн сургалтын төлбөрийг төлөх хэлбэрээр зарлагдсан.
Бүртгэлийн хугацаанд Шинэ Сэргэлт-Шинэ Мянган тэтгэлэгт нийт 403 суралцагч бүртгүүлжээ.
Дотоод тэтгэлэг
Дотоодын их, дээд сургуулийн шилдэг суралцагч болон соёл урлаг, спортын чиглэлээр суралцагчийн тэтгэлэгт 356 оюутан материалаа ирүүлэн бүртгүүлсэн юм. Тэтгэлгийн эхний шатны сонгон шалгаруулалтаас дотоодын их, дээд сургуулийн тэтгэлэгт бүртгүүлсэн 127 оюутан техникийн шалгуур, бичиг баримтын бүрдлийн шаардлага хангаагүйн улмаас хасагдлаа. Дотоодын тэтгэлгийн эхний шатанд тэнцсэн 229 оюутан эсээний танилцуулга, ярилцлагын шатны сонгон шалгаруулалтад 2023 оны 05 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд оролцоно.
Гадаад тэтгэлэг
Гадаадын магистр, докторын сургалтын тэтгэлэгт 47 иргэн бүртгүүлж тэдний 21 нь мөн хангаагүйн улмаас хасагдлаа. Гадаадын магистр, докторын сургалтын тэтгэлэгт бүртгүүлсэн 26 иргэн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дараагийн шатны шалгаруулалтад хамрагдана.
Дотоодын болон гадаадын тэтгэлгийн эхний шатны шалгаруулалтаас хасагдсан иргэдийн мэдээллийг өргөдлийн дугаараар https://www.shinemyangan.mn/results -ээс шалгана уу.
Дараагийн шат буюу эсээ танилцуулах, ярилцлагад орох хуваарийг https://www.shinemyangan.mn/results-ээс үзнэ үү.