Австралийн Квийнсландын их сургууль, АНУ-ын эрдэмтэд зэрэг хэсэг судлаачдын хийсэн судалгаа, үр дүн дээр суурилан BBC агентлаг жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдэд зориулан юунд анхаарах талаар нийтлэл эмхэтгэжээ.
Тодруулбал, жирэмслэхэд тусладаг нэмэлт тэжээлүүд олон бий ч эрүүл жирэмслэлтийг бий болгоход туслах олон төрлийн хоол хүнс мөн дутахааргүй байдгийг судлаачид онцолсон байна. Эрүүл жирэмслэлт, үр хөврөлийг дэмжихийн тулд фолийн хүчил агуулсан хүнс тус болдог гэнэ. Тухайлбал, фолийн хүчил агуулсан хүнсийг жирэмсний өмнө болон жирэмслэлтийн үед уувал хүүхдийн тархины төрөлхийн гажиг, нуруу нугасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нөлөөлдөг аж. Эдгээр өвчин нь жирэмсний маш эрт үед буюу ихэнхдээ эмэгтэй хүн жирэмсэн гэдгээ мэдэхээс өмнө үүсдэг тул АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс нөхөн үржихүйн насны бүх эмэгтэйчүүдэд өдөрт 400 микрограмм буюу 0.0004 грамм фолийн хүчил хэрэглэхийг зөвлөдөг байна. Ингэхдээ, үр тариа гэх мэт өдөр тутмын хоолыг фолийн хүчилээр баяжуулах нь илүү хүчтэй хамгаалалт болж чаддаг талаар судлаачид хэлжээ.
Жирэмслэлтийг төлөвлөөгүй байх олон тохиолдол байдаг тул урьдчилан сэргийлэх нь зөв гэдгийг эрдэмтэн, судлаачид мөн зөвлөжээ. Фолийн хүчлийг жирэмслэхийг оролдож буй эмэгтэйчүүд нэмэлт тэжээл болгон авах нь жирэмслэх магадлалыг нэмэгдүүлдэг гэх зөвлөгөө байдаг боловч энэ нь батлагдаагүй, таамаг төдий байгаа юм. Харин жирэмслэлтийн талаар бүхэлд нь судлахад, үргүйдлийн шалтгааныг тайлбарлах шаардлагатай болдог. Тухайлбал, АНУ-д нэг жил хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орсны дараа хосуудын 15% нь жирэмслэх боломжгүй байдаг байна. Нийт үргүйдлийн тохиолдлын 15 орчим хувь нь тодорхойгүй хэвээр байна гэдгийг судлаачид мөн хэлж байгаа юм.
SOURCE: BBC