Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын төсвийн байнгын хорооны хуралдаан өчигдөр болж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар болон бусад гишүүдийн онцолсон гол мэдээллийг тоймлон хүргэж байна.
- Дэлхий нийтийг хамарсан цар тахлын төгсгөлтэй залгаад геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас улбаатай сүүлийн 40 жилд тохиолдоогүй инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкуудын хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого зэрэг нь манай улсын эдийн засагт томоохон сорилтыг бий болгож байна.
- Засгийн газраас үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны I улиралд 3.9 хувиар агшсан байсан эдийн засаг мөн оны эцэст 4.8 хувиар өссөн байна. Түүнчлэн 2022 онд 16.9 хувьд хүрч байсан инфляц оны эцэст 13.2 хувь, 2023 оны эхний улирлын байдлаар 12 хувьд хүрч харьцангуй тогтворжоод байна.
- Экспортын сэргэж байна. Энэ оны эхний 4 сарын байдлаар нүүрсний экспортыг өмнөх оны мөн үеэс 5 дахин өсгөж 19 сая тоннд хүрлээ. Нүүрсийг биржээр арилжаалж, хил нөхцөлөөр өндөр үнэтэй борлуулж эхлээд байна.
- Үүний үр дүнд 2022 оны I улиралд 1 тэрбум ам.долларын алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл энэ оны I улиралд 79.6 сая ам.долларын ашигтай болж улмаар 2.4 тэрбум ам.долларт хүрч унаад байсан гадаад валютын албан нөөц энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 3.7 тэрбум ам.долларт хүрээд байна.
- Дэлхий дахинд эрчим хүчний үнийн өсөлт 2023 оны эхнээс саарсан, мөн урд хөршид цар тахлын хатуу хөл хориогоо цуцалсан зэрэг нь манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний эрэлт болон үнэд эергээр нөлөөлж эхэллээ.
- Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл эхэлж, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих боомтын болон дэд бүтцийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалт эрчимжиж байна.
- Үндсэн хуульд 2019 онд хийсэн нэмэлт, өөрчлөлтийн гол санаа бол баялгийн өгөөжийг одоо ба ирээдүй үеийнхэнд тэгш хуваарилах зорилготой байсан. Эдгээрт үндэслэн зөвлөл зөвлөмжөө гаргасан байна. Байгалийн баялгийг эрчимтэй ашиглаж байгаа өнөө үед эдгээр орлогоос хуримтлал үүсгэх шаардлага бий.
- Ашигт малтмалыг биржээр худалдаалснаар эдийн засгийн өсөлт 6.5 хувьд хүрэх боломжтой гэж Засгийн газар тооцож байгаа байна. Улмаар цаашид цалин, тэтгэвэрийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэх талаар ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгаад байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.