АНУ-ын улс төрийн хүчтэй дуу хоолой, “Fox News” агентлагийн нэвтрүүлэгч Такер Карлсон өнгөрсөн сард ажлаасаа халагдаж, АНУ даяар анхаарлын төвд орсон. Тэрбээр АНУ-ын томоохон улс төрчидтэй ярилцлага хийж ирсэн нэр хүндтэй нэгэн бөгөөд 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд будилаан орсон тухай олон нийтэд хэлж, томоохон маргаан үүсгэсэн юм.
Ийн “Fox News” агентлаг хамгийн нэр хүндтэй нэвтрүүлэгчээ ажлаас нь халахад хүрсэн. Харин хэсэг чимээгүй байсны эцэст Такер Карлсон өөрийн твиттер хуудаснаа “Америкийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд суртал ухуулга хийж, та бүхэнд нөлөөлөхийг оролддог. Өөрөөр хэлбэл, хүлээж авч байгаа бүх мэдээ мэдээлэл чинь ор үндэсгүй, худал” хэмээгээд Твиттер бол АНУ-д үлдсэн ганц том хэмжээний цахим сүлжээ буюу дуу хоолойгоо илэрхийлэх талбар гэжээ.
Тиймээс АНУ-ын мэдээний нэвтрүүлгийн “од” тун удахгүй өөрийн шоугаа Твиттер дээр эргэн сэргээнэ гэдгээ хэлсэн байна. Такер Карлсон нь АНУ-ын хамгийн их үзэгчтэй нэвтрүүлэгч бөгөөд Илон Маск түүнтэй ямар нэг гэрээ хийгээгүй, твиттер бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэх хамгийн том талбар болсныг онцолсон байна. Зарим хэвлэлийнхэн Такер Карлсоныг ирэх оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ч хүч үзэж магадгүй гэж таамаглаж байгаа юм.
Эх сурвалж: AL JAZEERA