Катар улсад үргэлжилж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Монголын шүүгч Төрбатын Энхцэцэг шүүж байна.
Дэлхийн шүүгчдийн чансааг сүүлийн жилүүдэд өнгөлж буй тэрбээр энэ жилийн ДАШТ-ий нээлтийн барилдааныг дэнсэлсэн нь хэр хүлээн зөвшөөрөгдөж, нэр хүндтэй болсных нь илрэл. Монгол шүүгчийн ур чадвар, авьяасыг дэлхийд гайхуулж яваа түүний талаарх сонирхолтой 10 баримтыг сонирхуулъя.
НЭГ: Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь Т.Энхцэцэг 1997 оноос жүдогийн спорттой амьдралаа холбожээ. Тэрбээр Ц.Шийрэв багшаар жүдо заалгаж, анх хичээллэсэн.
ХОЁР: 2000 оны нэгэн тэмцээний үеэр мөр нь мултарсан тул жүдогоор тууштай хичээллэх боломжгүй болжээ. Улмаар “Аварга” биеийн тамирын дээд сургуульд элсэн, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн байна.
ГУРАВ: 2002 оны арванхоёрдугаар сард Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Ууганбаатар, шүүгч Д.Энхтүвшин нар түүнд шүүгч хийхийг зөвлөв. Улмаар шүүгчийн сургалтад сууж, шүүгч болох жимээ гаргажээ.
ДӨРӨВ: Т.Энхцэцэг 2017 онд анхны тэмцээнээ шүүжээ. Анхны тэмцээнээ шүүснийх нь дараа олимпын зэрэгтэй шүүгч, Гавьяат дасгалжуулагч М.Бөхбат “Анхны тэмцээнээ маш сайн шүүлээ. IJF чамайг сайн байна гэсэн шүү” гэж түүнд урам өгсөн гэнэ.
ТАВ: Түүний ханийг И.Отгонбаяр гэдэг, Монголын жүдогийн холбооны менежер. Тэд анх 2001 онд танилцан, түүнээс хойш өнөөг хүртэл амьдралынхаа, жүдогийн төлөө хамтдаа зүтгэж явна.
ЗУРГАА: Т.Энхцэцэг олимпын наадмын жүдогийн тэмцээнийг шүүсэн Монголын анхны эмэгтэй шүүгч. Токиогийн олимп шүүх эрх авсных нь дараа ярилцлага авахад “Дэлхийн чансааг сүүлийн гурван жил дараалан тэргүүлж, Токиогийн олимпын эрх авсан ч “Би чадлаа” гэх бодол надад огт төрөхгүй байна. Ийм юм хийлээ, тийм амжилт гаргалаа гэж ярих үнэхээр дургүй. Зүгээр л ажлаа хийгээд, даруухан явахыг чухалчилдаг.
Би 2018 онд ч мөн дэлхийн шилдэг шүүгч болсон юм. Тухайн үед онгирсон болчих байх гээд бусдад ер хэлээгүй, цахим хуудсандаа ч энэ талаар бичээгүй.
Олимпийн дэвжээнд “Монголын Төрбат” гээд аавынхаа нэрийг дуурсгахаар боллоо гэж бодохоор сайхан санагдаж байна” гэсэн юм.
Тэрбээр олимпын эмэгтэйчүүдийн 52-д Абэ Үта, эрэгтэйчүүдийн 73 кг-д Оно Шохэй нар түрүүлсэн, аваргын төлөөх барилдааныг шүүсэн нь хэр нэр хүндтэй, чансаатайгийнх нь нэгээхэн илрэл.
ДОЛОО: Дэлхийн шүүгчдийн чансааг сүүлийн таван жил тэргүүлж буй Т.Энхцэцэг 2018 онд дэлхийн шилдэг шүүгчээр тодорсон. Улмаар тэр жилээ “Бөртэ чоно” наадмын шилдэг шүүгчээр шалгарсан юм. Тэрбээр сүүлийн таван ДАШТ, Токиогийн олимпыг шүүгээд байна.
НАЙМ: Т.Энхцэцэг шүүгчээр хийхийн сацуу дасгалжуулагчаар ажилладаг. 2005 онд “Аварга”-ыг төгссөнийхөө дараа амьдрахын эрхэнд “Монголд үйлдвэр” барааг захаас худалдаж аваад “Бөмбөгөр”-ийн гадаа бөөндөж зардаг байж. Зуны гурван сар тэгж ажиллаад байхад нь МЖБХ-ны генсек Ууганбаатарын зөвлөсний дагуу нэгэн сургалтад суужээ.
Тэр үеэр Казахстаны нэр дээр барилддаг, олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Отгонцэцэгийн багш Д.Энхбаатартай уулзсан байна. Тухайн үед Д.Энхбаатар багш “Тэмүүжин”-д ажиллах санал Т.Энхцэцэгт тавьжээ. Тэгж дасгалжуулагчийн гараагаа эхлүүлсэн байна.
ЕС: Мөр нь мултарсны улмаас жүдогоор барилдахаа больсон Т.Энхцэцэг 2016 онд ахмадын ДАШТ-д түрүүлж, Төрийн дууллаа дэлхийн дэвжээнд эгшиглүүлсэн юм
2002 оноос хойш тэмцээнд ер барилдаагүй байж байгаад 14 жилийн дараа ДАШТ-д түрүүлснээр нь бахархахгүй байхын аргагүй. Түүний олон улсын анхны тэмцээн нь тэр жилийн ДАШТ байлаа.
АРАВ: Т.Энхцэцэг 2024 оны Парисын олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх эрхээ албан ёсоор аваад байгаа юм.