Өнгөрсөн амралтын өдрүүдэд ГССҮТ-д БНСУ-ын Hyundae General эмнэлгийн захирал Ким Бу Соб болон хүүхдийн гэмтэл согогийн мэргэшсэн эмч Ан Жин нар ирж, 20 орчим хүнд үнэ төлбөргүй үзлэг хийж, зургаан хүүхдэд мэс засал хийлээ.
Тэд эхний өдрөө түнхний мултралтай, хоёр хөл дээрээ зогсож, алхаж чаддаггүй хүүхэд, хөл нь богиносож, яс нь бороолоогүй зэрэг гурван хүүхдэд хагалгаа хийж, амжилттай болсон байна.
ИЛҮҮ ОЛОН ХҮҮХДИЙГ ЭРҮҮЛ ЭНХ БОЛГООСОЙ
Мэс засал хийлгэсэн нэг ой таван сартай хүүгийн эмээ С.Хунжаа манай сайтаар дамжуулан, энэхүү эмч нарт талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Тэрээр “Миний зээ хүү долоон сартайдаа дутуу гарсан. 1 кг 600 гр жаахан төрсөн. Төрснөөс нь хойш түнхний мултралтай, хөгжилгүй байна гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэж, арга чарга хайсаар өдий хүрсэн. ЭХЭМҮТ-д гипсдүүлж, эмчилгээ хийлгэж байгаад ГССҮТ-ийн Б.Жаргалсайхан эмчид шилжсэн.Энд ирснээсээ хойш таталт эмчилгээ хийлгэж, хэд хэдэн удаа гипсдүүлсэн ч амжилтгүй болсоор байсан юм.
Миний хүү дөнгөж саяхан хөлд орсон ч хажуугаар нь жаахан юм өнгөрөхөд л уначихдаг, хөл дээрээ гүйцэд зогсож чаддаггүй байсан. Бид маш их асарч, хүч чадал, дархлааг нь дэмжиж байсан ч хүү маань эдгэхгүй байсан. Б.Жаргалсайхан эмч “Солонгосоос эмч нар ирнэ. Үзлэгт оруулж өгье” гээд, ашгүй үзээд, хагалгаанд оруулахаар болсон. Хагалгааг амжилттай болж, хүүгийн минь түнхийг хадахгүйгээр Солонгосоос үнэтэй яс авч ирж, хөгжөөгүй ясных нь оронд суулгаж, чөмгөний толгойг нь хадахгүйгээр оруулсан гэж эмч нь тайлбарлалаа. Солонгосын эмч нар болон Монголын ГССҮТ-ийн эмч нартаа маш их баярлалаа. Өшөө олон хүүхдийг эрүүл сайхан болгоосой гэж хүсэж байна” гэсэн юм.
ЭЦСИЙН МӨЧ ХҮРТЛЭЭ МОНГОЛД ХИЙХ САЙН ҮЙЛСЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
Hyundae General эмнэлгийн эмч нар 2009 оноос эхлэн Монголд тусламж үзүүлж байгаа юм. Тэд энэ хугацаанд гар, хөл, үе мөчний гажиг хөгжилтэй 100 гаруй хүүхдэд хагалгаа хийсэн байна. Тус эмнэлгийн захирал Ким Бу Соб “Бидний эхний хагалгаа түнхний мултралтай хүүхэд байсан. Түнхний мултралыг үед нь оруулж, аарцаг ясанд нь зүсэлт хийж, хагалгаа хийсэн.
Мөн яс нь бороолдоггүй онцлогтой, хөлийн яс нь богиноссон хүүхдэд хагалгаа хийлээ. Бидний хагалгаа маш амжилттай болсон. Яс нь энэ удаад сайн бороолно гэдэгт итгэлтэй байна.
Хагалгаанд шаардлагатай багаж, хэрэгслүүд Монголын ГССҮТ-д байсан. Гэхдээ бид энэ удаад өвчтөнүүдийнхээ мэдээллийг урьдчилж аваад, ямар хагалгаа, эмчилгээ хийхээ төлөвлөж, өвчтөнүүддээ зориулан хэрэглэх багаж, хэрэгслээ авч ирсэн. Учир нь өөрийн гарт дассан, эвтэйхэн байдаг багажуудаар хагалгаа хийх нь илүү баталгаатай, найдвартай байдаг” гэв.
МОНГОЛД СОГОГТОЙ ХҮҮХДИЙН ТОО БУСАД ОРНУУДТАЙ ХАРЬЦУУЛАХАД ӨНДӨР БАЙНА
Тус эмнэлгийн эмнэлгийн хүүхдийн гэмтэл согогийн мэргэшсэн эмч Ан жин “Монголд энэ өвчинтэй тэмцэж байгаа хүүхдийн тоо бусад орнуудтай харьцуулахад их байдаг. Монгол ч бай, Солонгос ч бай хүн учраас тэр хүүхдүүдэд эмчилгээ хийж, туслахыг чин сэтгэлээсээ хүсдэг. Цаашдаа ч манай эмнэлгийн зүгээс энэ ажлаа үргэлжлүүлэн хийх төлөвлөгөөтэй байна.
Монголд хийж байгаа хагалгаанууд маш хэцүү. Ур чадвар, энерги их шаарддаг. Хагалгаа хийсний дараа үр дүнг нь хараад, гэр бүлийнхнийх нь талархах сэтгэлээс эрч хүч авч, баярлаж байгааг харах л хамгийн сайхан байдаг” гэсэн юм.
НИЙГМИЙН БАЙДАЛ, ИДЭЖ БУЙ ХҮНС, УТАА ЗЭРЭГ НЬ СОГОГТОЙ ХҮҮХЭД ТӨРӨХӨД НӨЛӨӨЛЖ БАЙНА
Сүүлийн үед осол гэмтлийн тоо харьцангуй ихсэж байгаа тухай ГССҮТ-ийн хүүхдийн гэмтэл согогийн зөвлөх эмч Б.Жаргалсайхан ярьсан юм. Тэрээр “Сүүлийн үед ирж байгаа үйлчлүүлэгчдээс харахад гэмтэл, согогийн тоо ихсэж байгаа нь харагдаж байна. Согогийн тоо ихсэх хэд хэдэн шалтгаан байна. Үүнд хамгийн их нөлөөлж байгаа нь бидний амьдарч байгаа нийгмийн байдал, идэж, хэрэглэж буй хоол хүнс, Улаанбаатар хотын утаа зэрэг нь жирэмсэн эхийн эрүүл мэндийн байдалд нөлөөлж, согогтой хүүхэд төрөх нь ихсэж байна.
Нөгөө талаас хүн ам маань маш залуужиж байна. 2022 оны байдлаар Монгол улсын нийт хүн амын 39 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Согог гэдэг нь тодорхой төрөлтөд тодорхой давтамжтай тохиолддог. 10 мянган хүүхэд төрөхөд 2-3 согог, 1000 хүүхдэд 1-2 согог тохиолддог. Төрөлт ихсэхийн хэрээр согогийн тоо нэмэгдэж байна” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.