Бизнес өрөг нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр Царамтайн Арвай ХХК, сав баглаа боодол, шошго, гялгар уутны үйлдвэрийн захирал Э.Жавхланбаяр оролцлоо. Царамтайн Арвай ХХК нь монголд сав баглаа боодол, шошго, гялгар уут үйлдвэрлэгч анхны үйлдвэрүүдийн нэг юм. Бид үйлдвэрийн захирал Э.Жавхланбаяр бизнес эрхлэхэд тулгамддаг асуудлын талаар тодруулсан юм.
Тэрбээр, “Мэдээж бизнесийн үйл ажиллагаагаа явуулахад маш олон асуудлууд байдаг. Хана мөргөөд л сүүлдээ гуулин духтай болдог. Хана мөргөсөн ч гэсэн ямар гарц байгаа билээ гэсээр өнөөдрийг хүрлээ. Гарц, зөв шийдлийг олох гэж хичээж ажиллаж байж өнөөдрийн бий болгосон үйлдвэрлэл, харилцагчдын итгэлийг алдахгүй ажиллаж чадаж байна.
Биднээс шалтгаалахгүй нөхцөл байдал гэвэл мэдээж хууль эрх зүй, татварын орчин гэх зэрэг маш олон хэцүү зүйл байдаг. Дээрээс нь эмнэлэг,банк гэх мэт чиглэлийн боловсон хүчин бэлтгэгдчихдэг. Санхүү, анагаахын сургуульд сураад боловсон хүчин төрөх боломжтой. Харин манай салбарт боловсон хүчин байдаггүй.
Бид боловсон хүчнээ хандлагыг нь харж аваад ажил дээр дадлагажуулах шаардлага тулгардаг. Шинэ орсон хүн тоног төхөөрөмж дээр алдаа оноо гаргана. Тэр болгонд цалингаас нь хасах нөхцөл бололцоо байхгүй учраас өөр дээрээ алдагдлаа үүрч байж үйл ажиллагаагаа цааш явуулдаг. Зээлээр тоног төхөөрөмж авчхаад дахиад зээлээр татвараа төлөөд амьдарч байна. Үйлдвэрлэлээ хамгаалахаар 28 хувь нь дотооддоо үйлдвэрлээд, 72 хувь нь импортоор орж ирлээ гэхэд импортоор орж ирж байгаа 72 хувь дээрээ таксаа нэмэх бодлого байвал үйлдвэрлэгчид таатай орчин бүрдэнэ” гэлээ.