Сүүлийн үед Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүдэд гадаадын хувь хүн, хуулийн этгээдээс “Их хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ” гэсэн хуурамч мэдээлэл ирүүлэн залилах тохиолдлууд гарч байна.
Хохирсон иргэд, байгууллагаас ирүүлсэн "хөрөнгө оруулагч" гэх талаас хүлээн авсан гүйлгээний баримт, мэдээллийг шалгахад гадаад төлбөр тооцоонд ашиглагддаг “СВИФТ” системийн мессежийн стандартад нийцэхгүй баримтууд байна. Мөн албан бичиг болон өөрийн харилцагч банкнаас авсан гадаад гүйлгээний баримт гэж харагдахаар хуурамч бичиг, баримтыг хавсаргажээ.
Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд энэ төрлийн залилах гэмт хэрэгт хохирохоос урьдчилан сэргийлж өмнө уулзаж, харилцаж байгаагүй, цахим орчинд холбоо тогтоосон этгээдэд мөнгө илгээхээс зайлсхийх, сайтар нягтлах, банкны данс, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллээ илгээхгүй байх хэрэгтэй.
Мөн гадаад улсад байгаа этгээдтэй бизнесийн харилцаа үүсгэж буй тохиолдолд мэргэжлийн хуульч, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч болон тухайн улсын элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газраас мэдээллийн үнэн зөв байдлыг тодруулах арга хэмжээ авч, баталгаатай эсэхийг сайтар нягтлахыг анхааруулж байна.
Эх сурвалж: ЦЕГ