Мэргэжлийн сүмогийн Харү башёд сэкивакэ Кирибаема Б.Лхагвасүрэн анх удаа түрүүлж, Японы эзэн хааны цом өргөлөө. 27 настай тэрбээр сүүлийн өдөр комүсүби Дайэйшёог давсан. Дараа нь нэмэлт барилдаанд түүнийг дахин давснаар дээд зиндаанд түрүүлэх болзлоо хангалаа.
Ингэснээр дээд зиндаанд түрүүлсэн Монголын ес дэх сүмоч болов. Монгол сүмочид дээд зиндаанд 97 дахиа түрүүлж байгаа нь энэ.
Кирибаяма Б.Лхагвасүрэн 1996 онд Дорнод аймагт төрсөн, 27 настай. Мэргэжлийн сүмогийн “Мичинокү” дэвжээний бөх. 2015 онд, 18 настайдаа мэргэжлийн сүмод хөл тавьсан. Улмаар 2015 оны долдугаар сараас жонокүчи зиндаанд Кирибаяма Тецүо нэрээр барилдан, спортын замналаа эхлүүлжээ. Б.Лхагвасүрэн анхны тэмцээндээ тав давж, хоёр ялагдсан амжилтаар зиндаа дэвшсэн. Жонидан зиндаанд зургаа давж, нэг унасан амжилтаар санданмэ зиндаа руу дэвшин, амжилтаа ахиулжээ. Санданмэ зиндаанд барилдсан анхны тэмцээндээ нэг ч уналгүйгээр түрүүлж, шуугиулж байв.
Кирибаяма амжилтаа ахиулсаар 2016 оны Хацү башёд макүшита зиндаанд дэвшин барилдав. Гэвч гурав ялж, 50 хувийн амжилт үзүүлж чадсангүй. Буцаад санданмэ зиндаа руу уналаа. Хоёр башегийн дараа эргээд макүшитад дэвшсэн ч бэртлийн улмаас өнжив. Үүний улмаас санданмэ зиндаа руу дахиад уналаа.
Хичээж, зүтгэсээр 2019 онд жюүрёо зиндаанд дэвшин, цолтой бөх болов. Энэ үеэс кирибаяма олны анхаарлыг улам татан, монгол аваргуудын үргэлж болж чадах эсэх нь олны сонирхлыг татаж байв. Б.Лхагвасүрэн 2020 оны Харү башёгоос дээд зиндаанд дэвшсэн. Дээд зиндааны анхны башёдоо 11 даван шуугиулж, “Дайчин барилдааны шагнал” хүртэж байв.
Кирибаяма ирэх сарын башёд озеки буюу арслан цолны төлөө барилдана. 10 давбал озеки цол хүртэх боломж түүнд бий.