Цахим виз олгох улсын жагсаалт шинэчлэгдэж, 99 орны иргэдэд цахим виз олгохоор болжээ.
Монгол Улсын Засгийн газраас “2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын виз олгох жагсаалтад багтаж байсан Европын улсууд болон Австрали, Шинэ Зеланд зэрэг 34 орны иргэдийг визийн шаардлагаас чөлөөлж байсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан цахим виз олгох улсын жагсаалт шинэчлэгдэж, 99 орны иргэдэд цахим виз олгохоор болжээ.
Тодруулбал, тухайн орны иргэд нь аялал жуулчлалын “К2”, спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох “К4” ангиллын 30 хүртэл хоногийн виз, дамжин өнгөрөх буюу 10 хоногийн “K6” ангиллын визийг цахимаар мэдүүлэх боломжтой болж байна.
Цахим виз мэдүүлэхдээ https://evisa.mn/ системд хандаж визийн мэдүүлгийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөж, төлбөрөө төлснөөр виз мэдүүлсэн баримт бичиг хянагдах бөгөөд хүсэлт хянагдаж зөвшөөрсөн тохиолдолд тухайн иргэний мэдээллийг агуулсан QR код хэлбэртэй цахим визийг тухайн иргэний цахим шуудангаар 48 цагийн дотор илгээх юм.
Гадаадын иргэн, харьяатын газар 2021 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийн байдлаар 9,000 гаруй гадаадын иргэнд цахим виз олгожээ.
Эх сурвалж: Гадаадын иргэн харьяатын газар