2023 онд их, дээд сургуульд оюутан элсүүлэх босго онооны шинэчлэн баталсан тушаалыг БШУЯ-наас танилцуулсан. Үүнд багшийн хөтөлбөрөөр суралцах оюутнуудын босго оноог бууруулсан нь харагдаж байна. Жишээ нь цэцэрлэгийн багшийн хөтөлбөрийн босго оноо 400, бага ангийн багш 440 гэх мэтчилэн 400 гаруй оноотой бол багш мэргэжил эзэмших боломжтой болж буй юм. Үүнийг олон нийтийн зүгээс шүүмжлээд байгаа. Бид салбарын мэргэжилтнээс энэ асуудлаар байр суурийг нь тодрууллаа.
Мөн БШУЯ-наас их сургуульд элсэх, багшийн хөтөлбөрөөр суралцах оюутнуудын босго оноог бууруулсан эсэх талаар тодруулахад зөвхөн дуу хөгжим, биеийн тамирын багш гэх мэт хичээлийн багш нарын босго оноог бууруулсан. Энэ талаар тун удахгүй мэдэгдэл хийх талаар хэлсэн юм.
“Бага оноотой хүмүүсийг олноор нь элсүүлэх юм бол бид дөрвөн жилийн дараагаас горыг нь амсана. Тэр гор нь 30 жил үргэлжилнэ. 400 оноо бол шалгалтаа буудсан нөхдүүдийн авдаг оноо. Та ч гэсэн нүдээ аниад буудахад 400 гаруй оноо авна. Гүйцэтгэл бол 30 хувьд хүрэхгүй оноо гэсэн үг. Тэгэхээр хөдөлмөрлөх ямар ч хэрэг байхгүй.
Албанынхан, эхлээд хүн болгоно. Дараа нь мэдлэг чадвар…” гэсэн зүйл яриад байгаа. Энэ чинь салшгүй явдаг зүйл. ЭЕШ-тдаа өндөр оноо авахын тулд хичээж хөдөлмөрлөсөн хүн өөрийгөө бий болгоно биз дээ. Багшийн дутагдалд орж байгаа нь үнэн. Үүнд яам юу ч хийгээгүй шүү дээ. Багшлах дур сонирхлыг залуусд бий болгохын тулд, дуртай инстаграмаар нь хүр, цалинг нь нэмэгдүүл, нийгмийн даатгалын бодлогыг эрс өөрчил. Ийм шинэчлэл хийх хэрэгтэй.
Аливаа улс үндэстэн хөгжье гэвэл боловсрол сайн байх нь чухал. Урд хөршийг хар даа. Биднийг хол орхисон. Тэнд 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байж их дээд сургуульд элсдэг” гэв.
Харин энэ асуудалд иргэд ямар байр суурьтай байгааг хүргэе.
- Хүүхэд ямар боловсролтой байх, ямар хүмүүжилтэй байх нь багшаас шууд хамаарах учраас тэдний боловсрол өндөр байх нь зүйтэй. Босго оноо бууруулах асуудлыг бол эсэргүүцэж байна. Гэхдээ онооныхоо тогтолцоог эргэж сайн харах хэрэгтэй байх.
- Багш болж байгаа хүн бүх мэргэжлийн тэргүүнд тавигдах ёстой. Багш мэргэжил эзэмшиж байгаа хүн бага болчихсон болохоор оноог нь бууруулж байгаа байх. Энэ нь сургуульдаа л оновчтой шийдэл. Нийгэмдээ бол хэрэгтэй биш.
- Босго онооны шинэчлэн баталсан журмыг чанартай чадамжтай иргэн бэлтгэхэд саад болсон үйлдэл гэж харж байна. Боловсрол сургууль төгсөх хоёрыг бүү андуур. Төгссөн болгон Их сургуульд орох албагүй шүү дээ. Тооноос илүү чанар чухал болоод байна. Өндөр оноотой, чадамжтай нь их сургуульд орох хэрэгтэй. Чадахгүй нь заавал орох албагүй. Чадамжгүй бол дахин суралц, бас дахин бэлдэх хэрэгтэй. Тэгж гэмээ нь боловсролын салбар хөгжинө.
- Багш хомсодлоо ч тэдний оноог бууруулах буруу. Хорооллын 96-р сургуульд сурагчийн нүүрлүү гоймон цацаж, анги хамт олныхоо групп чатанд ангийн охиныхоо аавыг, “хөгшин тэнэг” гэж доромжлох увайгүй багш байна. Ийм нөхөд л олон болно гэсэн үг. Багш сурган хүмүүжүүлэгчдийн босго оноо өндөр байх хэрэгтэй. Багшийн цалинг нэмэх шаардлагатай. Тэгвэл боловсон хүчин олшрох байх…