Т.АЮУРСАЙХАНЫГ САЙДААС ЧӨЛӨӨЛӨХ ЭСЭХИЙГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХЭЛЭЛЦЭНЭ
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, элссэн гэх заалтаар яллагдагчаар татаад байгаа билээ.
Прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2, 20.3 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчаар татаж, Монгол Улсын хилээр гарах, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлсэн юм.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эл саналыг өнөөдөр хэлэлцэн, Т.Аюурсайхан сайдад хилийн хориг тавьж, нэр бүхий 11 хүнтэй уулзахыг хязгаарлаад буй.
Үүний дараа Т.Аюурсайхан сайд өөрөө ХНХ-ын сайд, УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм.
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад “Сайдыг чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайд, УИХ болон Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсны дараа Ерөнхий сайдын захирамжаар чөлөөлнө гэж хуульд заасан байдаг.
Т.Аюурсайхан сайд өргөдлөө Ерөнхийлөгчид өгсөн даруйд танилцуулахаар албан бичиг хүргэсэн. Тэгэхээр сайдыг чөлөөлөх асуудал энэ долоо хоногтоо яригдаж, эцэслэн шийдэгдэнэ гэж үзэж байна” гэлээ.