“Уурхайгаас гарч ирэх хамгийн үнэт баялаг бол уурхайчин та өөрөө”. Оюутолгойн гүний уурхай руу цахилгаан шатанд суухаар явах замд ийн бичжээ. Тус уурхай ажилчдынхаа амь нас, аюулгүй байдалд хэр анхаарч, чухалчилдгийг эндээс харж болно. Улаанбаатараас очсон сэтгүүлчдийн баг хамгаалалтын хувцас өмсөн, бортого зүүгээд 300 хүний багтаамжтай цахилгаан шатанд суун, үйл ажиллагааг нь шинээр эхлүүлсэн гүний уурхай руу орлоо.
Ажилчдаа төдийгүй бүхий л техник, хэрэгслээ зөөдөг нүсэр том цахилгаан шат аажим, аажмаар доошилсоор 1300 метрийн гүнд гурван минут яваад очив. Цахилгаан шатны хаалга аажуухан нээгдэхэд ийш, тийшээ салаалсан нүхэн хонгил, автобуснууд угтлаа. Бид хэсэг, хэсгээрээ найман автобусанд хуваагдан суув. 5.5 метр өндөр, таван метр өргөн нүхэн хонгил тал, тал тийш 130 км салаалдаг тул уурхайд ажиллах хэсэг рүүгээ автобусаар очдог гэнэ.
Газрын гадаргаас 1300 метрийн гүнд ажиллахад хамгийн чухал зүйлсийн нэг нь агаарын солилцоо. Агаарын солилцоо явуулахын тулд энд гурван босоо ам байгуулжээ. Тэгэхдээ босоо амыг 1300-1385 метр урт, 6-11 метр голдочтойгоор байгуулсан юм байна.
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг блоклон олборлох технологиор хийсэн. Тэгэхийн тулд хонгилуудын хана, оройн хэсгийг бетон ашиглан торлож, боолтоор боожээ. Нуралт үүсгэхгүйн тулд таазыг найман метр, ханыг зургаан метрийн урттай тросон боолтоор боон, бэхэлжээ.
Эндхийн туршлагатай, тулхтай ажилчдын нэг нь Оюутолгойн гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн багийн ахлах мэргэжилтэн Т.Намжилмаа. Тэрбээр Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлсэн түүхэн цаг үед ажиллаж, энэ нүсэр бүтээн байгуулалтад гар бие оролцож яваагаараа бахархан, бахдан ийн ярьлаа.
-Оюутолгой гүний уурхайн олборлолтоо эхлүүллээ. Өнөөг хүртэл хугацаанд энэ ажлыг эхлүүлэхээр хэр ачаалалтай ажиллав?
-Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад гар бие оролцож, үйл ажиллагаагаа эхлүүлсэн энэ цаг үед ажиллаж буйгаараа бахархаж байна. Өнөөдөр уурхайчин бүхэн мэргэжлээрээ, хамт олноороо бахархаж байгаа болов уу. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг монголчууд өөрсдөөрөө хийж гүйцэтгэснээрээ онцлог. Уурхайчдаараа бахархаж байна.
Манай уурхай хоёр үндсэн хэсэгтэй. Нэг нь техник, нөгөөх нь үйл ажиллагаа хариуцсан хэсэг. Би уурхайн үйл ажиллагаа хариуцсан багт ажилладаг.
Гүний уурхайн олборлолт эхлэх дөхлөө гээд ажилчдад ажил нэмж даалган, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зөрчөөгүй. Оюутолгойн уурхайн хамгийн гол зүйл бол хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Тиймээс бүх зүйлийг нарийн төлөвлөгөөний дагуу хийсэн.
-Гүний уурхайн олборлолт эхлэх дөхөхөд шинээр ажилчид авсан уу?
-Уурхайн ээлжийн хуваарьт тодорхой өөрчлөлт оруулсан. Ажилчдад ачаалал нэмэхгүй, аюулгүй ажиллагааг хангахын тулд олон хүнийг ажилд нэмж авсан.
-Ихэнх уурхайд эмэгтэй ажилтан цөөхөн байдаг. Оюутолгойн ажилчдын хэдэн хувь нь эмэгтэй вэ?
-Оюутолгойн уурхай эмэгтэй ажилчдаа маш сайн дэмжиж ажилладаг. Үйл ажиллагаа хариуцсан чиглэлээр ажилласан анхны эмэгтэй ажилчдын нэг нь би. Жилээс жилээс манай уурхайн эмэгтэй ажилчдын тоо нэмэгдсээр байгаа. Одоо Оюутолгойн нийт ажилчдын 15 орчим хувь нь эмэгтэй.
-Та Оюутолгойд хэдэн оноос хойш ажиллаж байгаа вэ?
-Би ШУТИС-ийн төгсөгч. Тус сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгсөж байлаа. Оюутолгойн туслан гүйцэтгэгч “Даян” компаниас ажлын гараагаа эхлүүлсэн. Тэнд зургийн инженерээр гурван жил ажилласан. Гурван жилийн өмнөөс Оюутолгойн гүний уурхайд ажиллаж байна.
-Эмэгтэй хүн уурхайд ажиллах амаргүй. Шантрах үе заримдаа гардаг уу?
-Ажилдаа дуртай, хайртай болохоор шантардаггүй ээ. Уурхайд анх орсон минь санаанаас ер гардаггүй юм. Би Завхан аймгийн Сонгино суманд төрсөн.
-Тэгэхээр хангай нутгийн хүн байх нь.
-Тийм ээ. 2009 оны өвөл Улаанбаатараас Өмнөговь аймгийн Даланзадгад руу онгоцонд суулаа. Тэндээс Оюутолгой руу “Камаз” маркийн машинд суугаад ирсэн юм. Даланзадгадаас уурхай хүртэл 200 км. Говийн дэржигнүүртэй шороон замаар, анх удаа “Камаз”-нд суугаад явж байхдаа би 21 настай байв.
Анх энд ажиллахад амар байгаагүй ээ. Тэр нь Оюутолгойгоос бус надаас шалтгаалсан зүйлүүдээс болоод. Анхандаа мэдэхгүй, чадахгүй зүйл их гарна. Анхны цалингаа аваад хэчнээн их баярласан гэж санана. “Улам хичээе” гэсэн урам авч байлаа.
-Хөндлөн нэвтрэлтийн багийнхаа онцлогийг тодруулахгүй юу. Гол үүрэг тань юу бол?
-Манай хөндлөн нэвтрэлтийн багт дөрвөн ээлж харьяалагддаг. Ээлж бүр 1000 гаруй ажилтныг хариуцдаг. Уурхайн аюулгүй ажиллагаа, учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх нь бидний үүрэг. Хэзээд бэлэн байх үүрэгтэй чухал алба.
-Гүний уурхайд ажиллахад нурах вий, бэртэж гэмтэх вий гэж айдаг уу?
-Оюутолгойн гүний уурхайд 2016 оноос хойш эмэгтэйчүүд ажиллаж байгаа. Анхандаа тийм айдас байсаан, байсан. Одоо бол бүр дасчихсан. Нөгөө талаар Оюутолгой аюулгүй ажиллагааг маш сайн мөрдөж ажиллуулдаг тул би гэлтгүй манай уурхайд энэ тал дээр санаа зовдоггүй. Аюулгүй ажиллагааны найдвартай байдал, уурхайн бэхэлгээнд манайхан бүгдээрээ үнэхээр их итгэдэг.
-Уурхайд ажиллахын хамгийн сайхан нь юу?
-Эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжилд хувь нэмрээ оруулж, хөдөлмөрлөдөг үнэхээр сайхан мэргэжил. Би Оюутолгойд ажилладгаараа, олон залуустай мөр зэрэгцэн алхаж, ажиллаж, хөдөлмөрлөж яваагаараа бахархдаг.