Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болов.
Төлөвлөгөөт шалгалтаар их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 171 объектод, урьдчилан сэргийлэхээр 887 объектод хяналт шалгалт хийжээ. Стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй хүүхдийн тоглоомын 976 талбай байгаагаас 2023 онд 487-д нь стандарт хангуулах арга хэмжээ авна.
Түүнчлэн шар усны үер болон хөрсний усны халиа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, үерийн хамгаалалтын далан сувгийн цас, мөс, лаг шаврыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн. Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 20 гаруй байршилд халиа тошин үүсэж, айл өрх, албан байгууллагын хашаа, гудамж, зам, талбай ус, мөсөнд автжээ. Үүссэн хор уршгийг арилгахаар 70 хүн 12 техник хэрэгсэлтэй ажиллаж, 35 км шуудуу татаж, 30 машин шороо асган ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа, худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд худалдаа, үйлчилгээ эрхлэгч 2864 аж ахуйн нэгж, 1229 иргэн 183,400 ам метр талбайг цэвэрлэсэн байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг 1993 онд хувьчилсан бөгөөд ойр орчмынх нь газрууд жилээс жилд хумигдаж, олон давхар орон сууц баригдах болсон. Мөн тус хүрээлэнд тоглолт зохион байгуулж, орлого олдог ч 49 хувийг эзэмшдэг нийслэлд ямар ч мөнгө орж ирдэггүй. Өнгөрсөн жил л гэхэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтод нийслэлээс багагүй хөрөнгө зарцуулсан юм.
Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бид засвар, үйлчилгээ хийгээд байдаг. Гэтэл нийслэлд ямар ч мөнгө орж ирдэггүй, ийм байж болохгүй. Ажлын хэсэг байгуулж, шалгалт оруулах хэрэгтэй. Нийслэлийн өмч эзэнгүй мэт байж болохгүй” гэлээ.