Бизнес өрөг нэвтрүүлэг энэ удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөөхөн Монгол арбитрчдын нэг болох О.Номинчимэгийг онцолж ярилцлаа.
Тэрбээр, Мардайн ордны асуудал, Таван толгойн цахилгаан станцын төсөл зэрэг дэд бүтцийн төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай. Харин одоо УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байна.
Түүнтэй хэрхэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арбитрч болсон, олон улсад ажиллах хуульчийн эрхээ хэрхэн авч байсан, дэд бүтцийн том төслүүдийн эрхзүйн асуудал зэрэг агуулгын хүрээнд ярилцсан юм.
-Та хаана сургууль төгсөж, ажлын гараагаа хэрхэн эхэлж байсан бэ?
-Би МУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэн сурч байгаад дундаас нь Монгол улсын Засгийн газар, Япон улс хоорондын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, бакалавраа Япон улсын Токиогийн их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Үргэлжлүүлэн харьцуулсан эрх зүйн чиглэлээр магистрын зэргээ хамгаалаад, 2010 онд эх орондоо ирсэн. Тухайн үед Японы нэлээн том “Мицубиши” гээд корпорац Монголд оффисоо нээж байсан. Энэ байгууллагад ажилд орж, ашигт малтмал болон хууль зүй эрхэлсэн ажилтнаар жил гаруй хугацаанд ажилласан байгаа.
АНГЛИ, АМЕРИКТ ТӨВТЭЙ ОЛОН УЛСЫН ХУУЛИЙН ФИРМЭЭС КАРЬЕРАА ЭХЭЛСЭН
–“Мицубиши” корпорац Монголд ямар үйл ажиллагаа явуулна гэж оффисоо нээж байсан бэ?
Францын “Арева” гээд төрийн өмчит цөмийн энергийн компани байдаг байсан. Түүнтэй хамтран ураны ордын хайгуул ашиглалтын том төсөл эхэлж, хөрөнгө оруулах зорилгоор нээж байсан юм. Би гол төсөлд нь ажиллаж, хууль эрх зүйн хувьд оффисыг нь байгуулахад илүү анхаарч байсан. Тухайн үед хуульч гэхээс илүү бараг инженер шиг л “Уран гэж юу вэ, бодис нь яаж, ямар циклээр явсаар цөмийн эрчим хүч болдог вэ” гээд л их туршлага хуримтлуулсан.
Гэхдээ хуульч мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байсан учраас хуульчийн шалгалт өгөөд, 2011 онд “Хоган ловс” гээд Англи, Америкт төвтэй олон улсын хуулийн фирм Монголд оффисоо нээх болж, тэнд хуульчийн карьераа эхэлсэн.
-Анх төгсөж ирээд л дэд бүтцийн томоохон төсөлд ажиллаж, туршлага хуримтлуулж эхэлсэн байна. Хоган ловсд ороод “Хан ресорс”-ын гэх тодотголтой Дорнодын Мардайн ордын асуудал байдаг. Энэ асуудалд шууд ажиллаж эхэлсэн үү?
-Тийм, ороод удаагүй байхдаа хөрөнгө оруулалтын төслүүдэд их ажилладаг байсан. Монгол улс хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл бүрдсэн. Гаднын том хөрөнгө оруулагч нар их сонирхдог үе байсан юм. Энэ үед нь хөрөнгө оруулагчдын төслийн хажуугаар хөрөнгө оруулалтаас үүссэн маргааны хэргүүд гарч эхэлсэн. 2011 оноос хойш Монгол улсын засгийн газрыг Канадын хөрөнгө оруулагч нар олон улсын хөрөнгө оруулагчийн арбитрт хариуцагчийн албад татаад Манай хуулийн фермийн Парис, Лондон, Улаанбаатар дахь салбарын хуульч нар засгийн газрын өмгөөллийн баг болж ажилласан. Тэгэхээр “Хоган ловс” хуульчийн фермд дэх ажлын туршлагаа харахаар олон улсын арбитрын хэргүүд дээр нэлээн орсон. Энэ чиглэлээрээ Парист дахь салбартаа хэсэг хугацаанд ажилласан. Энэ үед бас өөр арилжааны арбитрын хэргүүдэд Итали, Оросын үйлчлүүлэгч нарт үйлчилгээ үзүүлж өмгөөлөл хийж байсан. Нөгөө талаараа Монголтой холбоотой гэвэл уул уурхай түүнийг түшиглэсэн дэд бүтцийн төслүүд нэлээн их явж байсан юм. Үүнд хөрөнгө оруулах хөрөнгө оруулагч нарт зөвлөгөө өгдөг байсан.
-Тухайн үед Монгол улсын эдийн засаг хамгийн өсөж, тэлж байсан үе. Тэр үед өсөлтөд юу нөлөөлж байсан бэ?
-Хамгийн гол нөлөөлсөн зүйл нь гадна орчин. Үүнд ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ нэлээн өндөр болсон байгаа. Оюутолгойн том уурхай гэрээгээ хийгээд явах болсон. Хөрөнгө оруулалтын гэрээгээ хийгээд явуулахаар боллоо гэсэн нь олон хөрөнгө оруулагч нарт эерэг сигнал болсон байх. Үүний хажуугаар дэлхий дахины ашигт малтмалын үнэ нэлээн өсөж байсан. 2010 онд миний анх ажиллаж байсан Ураны төсөл ч бас цөмийн энерги өөрөө ашиглагдах юм байна гээд, энэ бүтээгдэхүүнүүдийн үнэ нэлээн өндөр байсан. Энэ бүх явдал дээр нь мэдээж манай Монгол улсын хувьд хөрөнгө оруулалтыг татах тогтвортой, нээлттэй бодлогууд явуулж байсан нь монгол улсыг хөрөнгө оруулагчдын гол анхаарал болоход нөлөөлсөн болов уу гэж бодож байна.
-Таны анзаарснаар Хан ресорсын асуудал дээр бид яг юун дээр алдаж байсан бэ?
-Би энэ хэргийн өмгөөлөгчийн багт ажиллаж байсан учраас үйлчлүүлэгчийнхээ нууцыг хадгалах зэрэг нь өмгөөлөгчийн хүлээсэн үүрэг байдаг. Би тэр асуудал, хэрэг маргаан дээр гурав дөрвөн жил үргэлжилж дуустал нь ажилласан байгаа. Энэ дээр харж байхад Төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцоо уялдаа холбоотой ажиллагаа жаахан дутмаг. Харин олзуурхууштай нь сүүлд 2017 онд манай засгийн газраас гадаад улсын арбитр шүүхэд засгийн газар дуудагдсан тохиолдолд тухайн маргаанаас урьдчилан сэргийлэх эсвэл шийдвэрлэхэд баримтлах журам гээд баталж байсан. Энэ журмын дагуу засгийн газар хэрэг маргаанд татагдан орох тохиолдолд төрийн байгууллагууд хоорондоо яаж, ямар дэс дарааллаар ажиллах уу гэдгийг сайн зохицуулж өгсөн юм. Журам гарснаар төрийн байгууллагууд хоорондоо урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой талд дүртэй болсон болов уу гэж боддог.
Нөгөөтээгүүр манай хууль зүйн орчинд ойлгомжгүй юм их гарч байсан. Хуулиа бүтээхдээ хоорондын нийцлийг нь харахгүй сайжруулах юмнууд байгаа харагдсан. Зарим хууль дээр жишээ нь хуульч нар ашиглалтын тусгай зөвшөөрөл гэдэг нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөөд байгаа юм уу эсвэл бүр өмчийн эрх өгөөд байгаа юм уу гэдэг. Энэ дээр хүртэл манай хуульч нар өөр өөр байр суурьтай. Тэгэхэд гаднаас, гаднын хөрөнгө оруулагчид барууны ярьж байгаа эрх зүйн системийн үүднээс харахад энэ шинж нь ашигт малтмалын А тусгай зөвшөөрөл гэдэг бараг л өмчийн эрхийн нэг хэлбэрийг өгч байгаа. Энэ дээр хуульч нар нэгдсэн ойлголттой болоод ямар эрх зүйн үр дагавар гарах вэ гэдгийг сайтар харах ёстой гэдгийг сайтар харж байх ёстой юм байна гэсэн ажиглалт сургамж авч байсан.
-Гадаадад сургууль төгсөөд ирсэн болохоор шууд тийм том хуулийн фирмд тэнцээд орж байсан гэсэн үг үү?
–Мэдээж боловсрол тодорхой хэмжээнд эзэмшсэн, дээр нь гадаад хэлтэй байх нь нөлөөлж байгаа байх л даа. Гэхдээ гол нь бид нар шалгалт өгөөд, ярилцлагад ороод сонгогдож ажиллаж байсан. Гадаадад төгссөн давуу тал бол байсан. Дотооддоо ч байсан. Ялангуяа хуульчийн хувьд хууль гэдэг дотоод локал шинж чанартай. Монголын хууль Монгол улсдаа л үйлчилнэ. Японы хууль би сураад Японд л үйлчилнэ. Монголд эрх зүйн зарчмын хувьд ийм байдаг гэх суурь ойлголт адилхан байдаг боловч Монголын хууль эрх зүйн орчинд яаж ажилдаг практик дээр хуулийн байгууллагууд маань ямар уялдаа холбоотой яаж ажилладаг гэдэг дээр би дотоодод сурсан хүмүүсээс илүү сул үе анх ажилд орж байхад байсан.
ОЛОН УЛСЫН АРБИТРЧ БОЛОХОД ПРАКТИК ТУН ЧУХАЛ
-Таны хувьд одоо Монголд байгаа цөөхөн олон улсын арбитирчдийн нэг. Яаж болдог вэ сураад болдог юм уу, туршлагаараа болдог уу?
-Олон улсын арбитрч практик их чухал байдаг. Олон улсын арбитрч заавал хуульч байх албагүй. Инженер,нягтлан бодогч гэх мэт янз бүрийн хүмүүс арбитрч болдог. Яагаад гэвэл тухайн маргааныг сайн ойлгоод, хурдан шийдвэрлэх мэргэжлийн мэдлэг шаардагддаг. Арбитрын талаар суурь ойлголттой байхаас гадна туршлагатай, хэрэг маргаан дээр илүү бие даасан хараат бусаар шийдвэрлэх чадвартай, ашиг сонирхлын зөрчилгүй, гаргаж байгаа шийдвэрүүд нь чанартай байх ёстой. Би одоо ICC буюу олон улсын худалдааны танхимын дэргэдэх арбитр гээд дэлхийн хамгийн эртний хамгийн том арбитрын байгууллага байдаг. Эдний арбитрын шүүхийн гишүүд гэж 100-аад хүн байдаг юм. Улс орон бүрээс нэг гишүүн сонгогддог. Бид ICC буюу олон улсын арбитраас гарч байгаа арбитрчдын гаргаж байгаа шийдвэрийг хянаж үздэг.
Олон улсын арбитрч гэх хүн цөөхөн бий. Арбитрчид тухайн ажлынхаа чанараар танигддаг.
-Арбитрч болоход мэдээж шалгуурууд байгаа байх?
-Гол шалгуур нь CR гээд Англи төвтэй байгууллага байдаг. Үүний тусгай шалгуурыг хангаж, зэрэглэлтэй болсон байхад арбитрч болох ур чадвар туршлага суужээ гэж ойлгож болдог. Мөн дор хаяж 10 арбитрийн хэрэг дээр ажилласан байх зэрэг шалгууруудад туршлагыг нь харж, олон улсын байгууллагууд арбитрчаар бүртгэдэг.
– Олон улсын хэргүүд дээр таныг сонголоо гэхэд та ороод ажиллана гэсэн үг үү?
-Тийм. Ашиг сонирхлын зөрчил байхгүй бол ажиллах боломжтой. Олон улсын арбитрийн байгууллага бол өөр шалгуураар ч гэсэн арбитрч бүртгэж авдаг. Өөр нэг байгууллагын арбитрчаар бүртгэгдсэн байхад тэр нь итгэл төрүүлэхүйц байвал өөр дээрээ бүртгэхийг зөвшөөрч болно.
-Бизнес маргаан гарах тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлье гэхээр цаг мөнгө их үрэгддэг. Сүүлдээ үүнээсээ ч залхаад хаядаг тохиолдлууд ч бий. Арбитраар шийдвэрлүүлэхийн давуу тал юу вэ?
-Арбитр бизнес эрхлэгчдийн хоорондын маргааныг шийдвэрлэж анх үүсэж хөгжсөн. Тэгэхээр далайн худалдаанаас анх гарсан учраас хамгийн түргэн шуурхай, шийдвэрлэх арга зам гэсэн үг. Энэ нь уян хатан байх ёстой. Шүүх эрхийг нь хангах гэдэг утгаараа бүх процесс нь хуульд бичигдсэн байдаг ба түүнийгээ яс дагадаг. Харин арбитр маргаан шийдвэрлүүлэх гэж байгаа талуудтай тохирох боломжтой гэсэн үг. Энэ нь маш том давуу тал. Бизнесийн маргаануудыг шүүхэд өгөхөөр, тэдэнд энэ салбарын асуудлыг ойлгуулах гэж их цаг авдаг. Мэдлэгтэй хүнээр маргаанаа шийдвэрлүүлэхэд илүү оновчтой шийдвэр гаргана.
-Ер нь зардлын хувьд шүүх дээр очихоос арай үнэтэй байдаг уу?
-Шүүхэд гурван үе шат дамжиж дамждаг. Харин арбитр нэг удаа шийдвэр гаргадаг. Түүнийг нь хүчингүй болгох уу эсвэл үнэхээр алдаа гаргасан бол нэг удаа шүүхэд хандаж болно. Түүнээс өөрөөр давж заалдах гэсэн ойлголт байхгүй.
Арбитр хамаагүй хямд зардалтай гэсэн судалгаа гарсан. Манай Монголын Үндэсний Арбитр төлбөр зардлын хувьд олон улсынхтай харьцуулахад бага. Олон улсын томоохон арбитрууд яалт ч үгүй мэргэжлийн хүмүүс ажилуулна, чанартай үйлчилгээ үзүүлнэ гэдгээсээ хамаараад өндөр зардалтай байдаг.
-Та Эгийн голын цахилгаан станц, Оюутолгой, Тавантолгой цахилгаан станцын гэрээ хэлцэлд эох зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан. Сүүлийн хэдэн жил том дэд бүтцийн төслүүдээ хөдөлгөе гээд ярьсаар л байна. Тухайн үед хөдлөөгүй, ажил хэрэг болгоогүй шалтгаанууд нь юу юм бэ?
-Эгийн голын цахилгаан станц, эрчим хүчний цахилгаан станцын төсөлд зөвлөгөө өгч, ажиллаж байсан. Тавантолгой цахилгаан станцын хоёр ч төрлийн төсөлд ажилласан. Бүгдээрээ ажил хэрэг болоогүй. Таван толгой цахилгаан станцын кэйс дээр яривал, 2015 онд анх Оюутолгой дотоодоос цахилгаанаа авах хөрөнгө оруулалтын гэрээний заалттай. Үүнийгээ одоо болтол импортолдог. 2015 онд "Марубени" гээд Японы том корпорац Монголын томоохон аж ахуй нэгжтэй нийлээд энэ төслийг 450 мб нүүрсээр ажиллах том цахилгаан станц байгуулах гэрээг хийгээд, ажиллаж байсан. Хувь эзэмшлээ тогтоогоод бүх нарийвчлалаа гаргаад, нүүрсээ хаанаас авах, санхүүжилтээ хаанаас босгох вэ гээд явж байсан. Гэнэт 2015 оны хавраас зун хүртэл бид хөрөнгө оруулалтын бүх гэрээнүүд дээр нь ажиллаад овоо цаашаа явж байтал дэмжихээргүй болоод бүх ажил зогсонги байдалд орчихсон.
-Японы тэр корпораци итгээд ороод ирчихсэн байхад зүгээр больчихож байгаа юм уу?
Харин тийм. 2015 онд хэлэлцээр хийгээд цаашаа явсан бол санхүүжүүлэгч байсан. Яг тэр цонхыг ашиглаж чадаагүй, бодлогын ойлгомжгүй байдлаас болоод л тэр.
Та одоо томоохон төслүүдэд "Номин" хуулийн фирмээрээ зөвлөгөө өгч эхэлж байгаа юу?
БИЗНЕС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР МАНАЙ ХУУЛИЙН ФИРМ ДЭЭГҮҮРТ ЖАГСДАГ
Тийм. Хуульчид маань илүү туршлагатай байна. Туршлагууд дээр тулгуурлаад ирэхээр тодорхой бизнесийн хүрээндээ танигдана. Би хөрөнгө оруулагч болон Засгийн газартай ажиллаж байсан. Монгол улсын хувьд бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлээр ямар хуулийн фирм хамгийн сайн бэ гэдэг жагсаалт жил бүр гардаг. Манай хуулийн фирм байгуулагдаад жил гаруй хугацааны дараа нэлээн өндөр үзүүлэлттэй гарсан. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагч, бусад үйлчлүүлэгчид "Ийм фирм байдаг юм байна үйлчилгээ сайн гэсэн" зэргээр өөрсдөө хандах сэжүүр болдог. Иймэрхүү нөхцөл байдлаар янз бүрийн сэргээгдэх эрчим хүчний олон төслүүд дээр ажилласан.
-Та төрд орчихоор том дэд бүтцийн төслүүд дээр хөрөнгө оруулагчдыг эрх зүйн орчныг хэн хамгаалах болж байна вэ?
-Бодлого талаас нь сайжруулах боломж бүрдсэн. Сая түншлэлийн тухай хууль гэж батлагдлаа. Ер нь хөрөнгө оруулалтын орчинд юу нь болохгүй байна зэргээр илүү ажиллах боломж олдож байна.