НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын чуулганы үеэр олон улс дахь эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар чухал илтгэл танилцууллаа. Тэрээр илтгэлээ дэлхийн хэд хэдэн бүс нутагт эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдөж буй үед тавьснаараа өндөр ач холбогдолтой болж буй юм. Антонио Гутерреш илтгэлийнхээ эхэнд технологи, инновацийн салбар дахь эмэгтэйчүүдийн эрх, оролцоо хоцрогдож байгааг онцоллоо.
Учир нь технологийн салбар хурдацтай хөгжихийн хэрээр охид эмэгтэйчүүдийн эрх хөндөгдөж, тэгш бус байдлын ялгаа ихээр гарч байна гэжээ. Тодруулбал, дэлхий даяар гурван тэрбум хүн одоо ч интернэтэд холбогдож чадахгүй, боломжгүй байгаа ба тэдний ихэнх нь хөгжиж байгаа орнуудын охид, эмэгтэйчүүд байдаг аж. Хөгжил буурай орнуудад эмэгтэйчүүдийн 19 хувь нь л интернэтэд холбогдсон байдан байна.
Түүнчлэн дэлхий даяар инженерчлэл, математик, технологи, шинжлэх ухааны чиглэлээр суралцдаг оюутнуудын гуравны нэг нь охид байдаг байна. Тиймээс энэ салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний боломжийг тэлэхэд туслах шаардлагатай гэдгийг олон улсын хамтын нийгэмлэгийн тэргүүн онцоллоо. Учир нь охид, эмэгтэйчүүд амьдарч байгаа нийгэм болоод бусад нөлөөлөх хүчин зүйлсээс шалтгаалж энэ салбарт эрэгтэйчүүдийн адил оролцох боломж хомс байдаг байна.
Эх сурвалж: UN.ORG