NBA-ийн супер од, алдарт сагсан бөмбөгийн тамирчин Коби Брайант охин Жианна болон бусад долоон хүний хамт нисдэг тэрэгний ослоор 2020 оны нэгдүгээр сарын 26-нд нас барсан.
Тухайн үед хэргийн газарт ажилласан цагдаагийн дөрвөн офицер ослын болон амиа алдсан Коби нарын зургийг хэвлэлд, интернэтэд нууцаар худалдаж байсан нь илэрсэн юм.
Үүний дараа буюу 2021 оны гуравдугаар сард Коби Брайантын эхнэр Ванесса Брайант дээрх цагдаа нарыг шүүхэд өгч, 29 сая ам.доллар нэхэмжилсэн. Тэгвэл шүүх хуралд Кобигийн гэр бүл ялжээ. Улмаар алдарт тамирчны гэр бүлд 29 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор болсон байна.
Ванесса нисдэг тэрэгний осолтой холбоотой асуудлаар гомдол гаргаж буй анхны үйлдэл нь биш юм. Ослын дараа Кобигийн зорчиж явсан нисдэг тэрэгний “Island Express” компанийн удирдлага өөрсдийгөө хариуцлага хүлээх ёсгүй гэж мэдэгдсэн тул тэрээр “Island express” компанийг, нисгэгч Ара Зобаяныг буруутай хэмээн шүүхэд өгч, гомдол гаргасан юм. Шүүхээс түүний гомдлыг үндэслэлтэй гэж үзэн, “Island express”-д торгууль ногдуулж байв.
Сонирхуулахад, Коби Брайанттай салах ёс гүйцэтгэх ёслолд Ванесса Брайант “Коби, Жижи хоёр нэг нэгэнгүйгээрээ энэ дэлхийд амьдарч чадахгүйг нь бурхан мэддэг байсан. Тийм болохоор диваажин руу хамтад нь авч явлаа. Би гурван охиноо сайн харна аа, хайрт минь. Чи минь Жижид анхаарал тавиарай” хэмээн нулимс дуслуулан хэлж байв.