Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн плэй-офф эхлэхийн өмнө багууд хүчээ нэлээд зузаатгалаа. “Brothers” баг Тайландын шигшээ багийн холбогч Фредерик Ли Жонс Лишийг эгнээндээ нэгтгэлээ.
Азийн АШТ-ий эрхийн төлөөх эхний шатанд Тайланд, Монголын баг тоглоход Ф.Лиш ур чадвараар илүүрхэн тоглож, холын зайны шидэлт, дундын зайны довтолгоогоо амжилттай болгосоор 30 оноо авч, багаа хожилд хүргэсэн.
Тоглолтын дараа “Монголын лигт Лишийг харах сан. Манай тоглогчид их зүйл сурна” гэсэн олны хүлээлт их байсан юм.
35 настай, 173 см өндөр Ф.Лиш Монголд болсон 2025 оны Азийн АШТ-ий эрхийн төлөөх сонгон шалгаруулалтын тэмцээний долоон тоглолтод оролцохдоо 19,3 оноо, 3,7 самбараас бөмбөг авалт, 3,9 оновчтой дамжуулалт дунджилсан.
Л.Лишийг эгнээндээ нэгтгэсэн талаар “Brothers” багаас тодруулахад “Ф.Лишийг Монголын лигт тоглохыг харах сан гэсэн хүлээлт олон хүнд байсан. Ийм ур чадвартай тоглогчийг багтаа нэгтгэхийг бид ч мөн хүсэж байлаа. Ямар ч байсан Ф.Лиштэй тохиролцоонд хүрлээ, гэрээгээ албан ёсоор байгуулсан. Цалин, зарим зүйлсийн талаар хэлэх боломжгүй. Нууц хэвээрээ үлдэг.
Манай баг плэй-оффын эхний тоглолтоо энэ баасан гаригт “М гарьд” багийн эсрэг хийнэ. Тус тоглолтод Ф.Лиш оролцоно. Дээд лигт хийх эхний тоглолт нь байх болно. Тэрбээр Тайланд руугаа түр буцчихсан байгаа. Пүрэв гаригт Монголд буцаж ирнэ” гэлээ.