Боллиудын шинэ кинонууд нийгмийн тогтсон хэв журмыг эвдэж эхэлсэн талаар CNN онцолжээ. Хэдий Боллиудын кино бүтээгчид өөр өөр хэв маягийг кинонууддаа тусгахаар оролддог байсан ч ЛГБТИК+ романсыг харуулсан кино тийм ч их биш байдаг байжээ. Харин сүүлийн жилүүдэд бэлгийн цөөнхийн хайрыг хөндсөн кино ихээр хийгдэх болсон байна.
Тухайлбал, 2019 онд "Ek Ladki Ko Dekha Toh Aisa Laga" гэх нэртэй, гэр бүлийнхэндээ ижил хүйстэн гэдгээ хэлж буй эмэгтэйн тухай кино гарснаар энэ төрлийн хайрыг харуулсан кинонууд хийгдэж эхлэх болжээ. Гэхдээ эдгээр кинонууд “Сонгодог Боллиуд”-ын хэв шинжээ алдаагүйгээрээ онцлог юм. Өөрөөр хэлбэл, бүжиг, дуу, аз жаргалтай төгсөлгөөрөө бүгд ижил гэнэ.
Энэ талаар нэгэн кино судлаач “Тэд дуу, бүжиг гэх мэт сонгодог хэв шинжээрээ үзэгчдийг байлдан дагуулсан хэвээр. Тэд үзэгчдийг кинондоо улам автуулж, үүний зэрэгцээ бэлгийн цөөнхийн хайрыг ойлгуулж чадаж байгаа” гэжээ. Анх 1996 онд гарсан “Fire” гэх кино нь хоёр эмэгтэйн хайрын тухай өгүүлж, олон хүний шүүмжлэлийг дагуулж байжээ. Гэлээ ч олон хүмүүс энэ сэдвийн талаар нээлттэй ярилцахад хамгийн их нөлөөлсөн кино болж байсан байна.