Аймгийн хэмжээнд гурван ихэр хүүхэд төрүүлсэн таван эх байдаг аж. Түүний нэг нь Е.Баршагүль юм.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн малчин Э.Аманжал, Е.Баршагүль нар 2022 оны арванхоёрдугаар сарын дөрөвний өдөр гурван ихэр охидтой болж бүл нэмсэн байна. Охидын ээж Е.Баршагүль зургаа дахь төрөлтөөрөө есөн хүүхдийн ээж болжээ. Эхний дөрвөн төрөлтөөр дөрвөн хүүтэй болсон бол тав дахь төрөлтөөрөө хүү, охин гэсэн ихэртэй болж байсан бол ийнхүү зургаа дахь төрөлтөөрөө гурван охин төрүүлж ам бүл 11 болжээ.
Өнөөдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал ихэр охидыг аав, ээжийнх нь хамт хүлээн авч хүндэтгэл үзүүлж, орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлж 10 сая төгрөгийн батламж, гарын бэлгийн хамт гардуулав. Мөн үеэр ихрүүдэд Хонгор сумын ЗДТГ-аас гурван сая төгрөгийн батламж гардуулж, эрүүл энх сайн сайхан бүрнийг хүсэн ерөөлөө. Охидод ээж, аав нь А.Аясулу, А.Күнсулу, А.Нурсулу хэмээх нэр хайрлажээ.
Улиран өнгөрч буй усан бар жилд аймгийн хэмжээнд 1991 хүүхэд мэндэлсэн байна.
Е.Баршагүль Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт амаржсан бөгөөд тус хамт олон анх удаа "Гурван ихэр" хүүхдийг эсэн мэнд амаржуулжээ. Тус багт эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Оюунмаа, эх барихын эмч А.Энхчимэг, Г.Баасанжаргал, мэдээгүйжүүлгийн эмч Б.Ууганбаатар, Д.Мөнхжаргал, хүүхдийн эмч Б.Арьяа, эх баригч Д.Бахытгүл, мэс заслын сувилагч Б.Гэрэл, мэдээгүйжүүлгийн сувилагч С.Бижанаар, М.Айжан, нярайн сувилагч Д.Бадамцэцэг нар ажиллаж, яаралтай кесаров мэс заслаар эх, хүүхдүүдийг эсэн мэнд төрүүлжээ.
35-36 долоо хоногтойдоо 1700 грамм, 1800 грамм, 1900 грамм жинтэй тус тус мэндэлсэн аж. Нярайн их эмч Д.Отгонхишиг
болон тасгийн хамт олон 15 хоногийн хугацаанд хяналтдаа байлгаж эх, хүүхдийн биеийг тогтворжуулан тэнхрүүлж, ээж охидыг гэрт нь гаргасан байна.